Долоон хүний амь насыг хохироосон жолоочид 9 жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн оны зургаадугаар сард Сүхбаатар аймгаас Улаанбаатарыг зорьж явсан “Дайчин сүх” ХХК-ийн 05-22 СҮА улсын дугаартай автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваагийн зам буюу Цонжин болдогийн ойролцоо осолдсон ноцтой осол гарч байсан. Жолооч Содномдаржаагийн Болдбаатар нь Хьюндай Аэробус маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас долоон хүний амь нас хохирч,есөн хүний биед хүнд зэргийн гэмтэл, 13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл, 15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирчээ. Мөн “Дайчинсүх” ХХК-ний эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автобусанд 36.440.000 төгрөгийн шууд хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учирсан байна.
Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч С.Болдбаатарт ЭХТА-ийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.