22 сая төгрөгийн шагналын сантай ”Хөхөө Намжил” морин хуурчдын уралдаант шоу төсөл эхэллээ

Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа 

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай...

... Морин хуураа инээлгэн дуулъя

Монгол хүний жаргалыг дуулъя 

хэмээн морин хуурын тухай нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Мишигийн Цэдэндорж агсан тэртээх 1964 онд бичиж байжээ.  

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди Морин хуураа айл бүхэн хүндэтгэн залах зарлиг гаргаж /2003/ мөн ЮНЕСКО-гийн соёлын өвд Монголын Морин хуур бүртгэгдэж байсан юм. 

Монголчууд бид Монголын эзэнт гүрний үеэс өвлөгдөн өдгөө хүртэл хүндэтгэн дээдэлж хоймроо залж ирсэн өнө эртний түүхтэй эрхэм морин хуур хөгжмөө үеийн үед эрхэмлэн дээдэлж явах ёстой. Энэ бүхнийг үргэлжлүүлэн хойч үедээ морин хуурын боловсрол олгох, эдүгээ цагийн морин хуурчдыг алдаршуулан таниулах зорилгоор UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлаад байна.

Мэргэжлийн болон мэргэжлийн бус хэмээн ялгалгүй морин хуур тоглодог хэн бүхэн орох боломжтой уг төслийнхөө шагналын санг нэлээд өндөр зарлаад байгаа юм байна. Түүнчлэн нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 7 сая төгрөг, гуравдугаар байр 5 сая төгрөг аж.

Найман настай балчраас 80 настай өтгөс ч орох боломжтой морин хуур наадамд өргөнөөр оролцож, хоёр чавхдасаараа хорвоог дэлхийг учраах хосгүй гайхамшигтай морин хуур хөгжмөө алдаршуулцгаая. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.