Дуулиан шуугиан дагуулсан АН-ын дотоод бужигнаан дээд цэгтээ хүрэхэд тун ойрхон байна. Намын дээд удидлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн дунд шатныханы “бослого” хүчээ авч байгаа нь хэний ч нүдэнд ил. Харин үүнийг нуухын тулд АН-ын фракцууд амаа жимийж, гараа хумхин суусангүй. Намын дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор удирдлагынхаа багт сэлгээ хийж, ойрын хэдэн жилд болоогүй ротацийн сонгууль намын анхан шатны зарим үүрүүд дээр эхэлсэн нь тус намынхныг хөдөлгөөнд оруулжээ.
Уржигдар л гэхэд тус намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон. Тухайлбал, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, улс төрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг томилсон юм. Товчхондоо бол 2016 оны сонгуульд намын дарга З.Энхболдын удирдлагаар намаа сонгуульд авч орох баг гэж танилцуулвал зохино. Энэ шийдвэртэй холбогдуулан өмнө нь З.Энхболдын туслах, зөвлөхөөр ажиллаж байгаад намын нарийн бичгийн дарга болсон О.Чулуунбилэг өчигдөр ажлаа өгчээ. Тэрээр З.Энхболдын нэлээд ойрын хүн байсан ч 2012 оны сонгуулийн дараа МоАХ фракцийг сонгож, Ерөнхийлөгчийн талыг баримтлан, түүний удирдлаган дор “Улс төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот шоу төслийн удирдагчаар ажилласан билээ. Гишүүн байхад нь дор нь ажилладаг байсан туслах залуу нь хожим өөр фракц сонгон урвасан тул намын даргаар З.Энхболд томилогдсон тэр өдөр л түүний багт орж, намын удирдлагад үлдэх боломжгүй нь тодорхой болсон юм.
“Шонхор”-ууд аймаг, дүүргийн намын үүрүүдийн гадаа том жипээ сойж, өөрийн хүмүүсээ сонгуулахаар жирийн гишүүдээ хоол цайгаар дайлж яваа сурагтай. Нэр дэвшихээр горилогчдын дунд ч өрсөлдөөн ширүүн байна.
Ардчилсан намын дарга хамтран ажиллах удирдлагын багаа өөрөө бүрдүүлэх бүрэн эрхтэй учраас дээрх хүмүүсийг нарийн бичгийн даргаар томилох гэж буйгаа уржигдар болсон УИХ дахь намын бүлгийн хуралдаа товч танилцуулсан гэнэ. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн, сайд нарын дундаас нарийн бичгийн дарга нарыг сонгов. Уг нь намын өдөр тутмын үйл ажиллагаа, цаашлаад сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад цаг завтай сул гишүүн нарийн бичгийн даргаар ажиллахад зохимжтой гэдэг нь өмнөх туршлага болоод бусад намын жишгээс бэлхнээ харж болно.
Гэхдээ сайд, гишүүдийг сонгосон нь мөнгөтэй холбоотой болов уу. Баянгол дүүргийг бүхэлд нь худалдан авсан гэх С.Эрдэнэ, АПУ-ийн Г.Батхүү, Ажнай Д.Бат-Эрдэнэ, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг гээд томоохон бизнестэй, хөлжсөн улстөрчид З.Энхболдтой ирэх сонгуульд намаа удирдаж орох нь дээ.
Энд Ардчилсан нам гэхээр заавал фракцуудыг дурдах учиртай. Намын дарга З.Энхболд болон С.Эрдэнэ нар “Шонхор”, Г.Батхүү “Алтангадас” ч гэлээ намын шинэ даргатай нэг тойрог, нэг нутаг усных гэдэг утгаар олон жил нөхөрлөсөн, Л.Эрдэнэчимэг МоАХ, Д.Бат-Эрдэнэ МҮДН гээд бусад фракцуудын төлөөлөл багтсан байна. Дээр нь намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Л.Эрхэмбаярыг томилсон юм.
Ер нь бол намын даргын хүмүүс, түүний фракцийнхан удирдлагын багт түлхүү орж таарна. Мөн тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал ирэх сард буюу Цагаан сараас өмнө болох юм. Үүгээр ҮЗХ-нд орон гарсан 43 гишүүнийг нөхөн сонгоно. Харин хэдэн жилийн турш ярьж, жигүүрийнхэн нь шаарддаг байсан ротаци буюу ҮЗХ-ны гишүүдийг сэлгэж шинээр сонгох тухай биш юм.
Эзэнгүй суудалд намын дарга фракцийнхаа хүмүүсийг түлхүү оруулах зорилготой нь мэдээж. Иймд “Шонхор”-ууд аймаг, дүүргийн намын үүрүүдийн гадаа том жипээ сойж, өөрийн хүмүүсээ сонгуулахаар жирийн гишүүдээ хоол цайгаар дайлж яваа сурагтай. Нэр дэвшихээр горилогчдын дунд ч өрсөлдөөн ширүүн байна. Ер нь хэн мөнгөтэй нь ҮЗХ-нд ордог намын бичигдээгүй дүрэм бий.
Өмнө нь ротацийн сонгууль болоход намын үүр дээр тоож очдоггүй байсан томчууд нь мөнгө цүнхэлж, жип хөлөглөөд очдог л байсан. Ийм жишиг давтагдсан үйл явдал ойрын хэдэн өдөр аймаг, дүүрэг дээр нэлээд болж буй гэнэ. Ингэхдээ намын даргын фракцийнхан илүү хөдөлцгөөж байгаа гэх. “Шонхор”-ын даргаар сүүлд сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч ойрын хэдэн өдөртөө завгүй байгаа аж.
Дээр нь Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн сонгууль нь будилаан тарьж нэг намын гишүүд хоёр талцаад байна. Шинэ генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь тус дүүргийн намын гишүүдийг талцуулж бужигнуулах ажиллагааг хийж байгаа гэж нэг талаас нь мэдээлэв. Аль нь үнэн, худал нь тодорхой бус хоёр талын мэдээлэл нэг нэгийгээ үгүйсгэсээр.
Л.Эрхэмбаяр нь тус дүүргийн Засаг дарга бөгөөд Ардчилсан намын даргаар ажиллаж байсан. Иймд Сонгинохайрханы АН-д нөлөө бүхий эрхэм гэдэг нь тодорхой бөгөөд мөн л өөрийн талын хүмүүсээ удирдлагаар нь томилох гэж улайрснаас нөхөн сонгууль үр дүнгүй болж нэг намынхан хоёр талцсан бололтой. Үүний эсрэг Сонгинохайрханчууд зүгээр суусангүй. Жагслаа. Одоо бас дахиад жагсахаа ч мэдэгдэж байна. Учир нь Нэг ч удаа сонгуульд ялж үзээгүй, нэг ч удаа албан тушаалд хариуцлага үүрч үзээгүй мөртлөө өөрсдийгөө улстөрч хэмээн тунхагладаг улстөрийн хорхойтнууд болох хэсэг нөхөд байдаг. Тэд намын бодлого зорилтыг үл ойшоож, зөвхөн хувийн эрх мэдэл, хэсэг бүлэг хүмүүсийн амбицын төлөө явах л гол зорилготой. Тэдний нэг болох Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг түр гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хаа явсан газартаа балаг тарьж байдаг. Энэ удаад ч АН-ынхаа генсекийн суудалд түр морилох зуураа хор найруулахдаа мэргэжсэн хамтран зүтгэгч хотын орлогч Н.Гантөмөрийг дагуулан өөрийг нь улстөрд өнөөг хүртэл хөтөлж явсан намынхаа тогоо руу нулимж эхэлсэн аж.
Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Сонгинохайрхан дүүргийн АН-ын хурлыг зарлаж, намаа хагалан бутаргах ажил хийжээ. Харамсалтай нь дүрмийн бус болсон энэхүү хуралдаанд нь намын гишүүд бус хамаатан садан, танил тал нөхдөө оруулан санал хурааж, өөрийнхөө гар хөл болсон Ш.Одгэрэл, Н.Чинболд нарыг даргаар томилж, дүүргийн намын эрх мэдлээ гартаа авахыг санаархсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Сонгинохайрхан дүүргийн АН-аас Л.Эрхэмбаярт цөөнгүй удаа боломж олгосон. Тэрээр намынхаа нөхдийн итгэлийг хугалж, удаа дараагийн сонгуулиудад өвдөг шороодсон. Ялангуяа түүнийг улс төрч хүн биш гэдэгт сонгогч олон нь аль хэдийнэ дүн тавьчихаад байгаа билээ. Гэвч намын нөхдийнхөө дэмжлэгтэйгээр жаахан эрх мэдэл ахих тусам өөрийг нь хамгийн их дэмжиж, тэтгэж явсан журмын нөхөд рүүгээ өс хонзон өвөрлөж, ийнхүү шороо цацаж эхэлсэн байна. Харин энэ асуудлыг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос дүрмийн бус хуралдаан болсон гэж үзсэн. Намын генсекийнхээ албыг хүлээж аваад гуравхан хоногийн дотор өс хонзон өвөрлөн, өмнөх хүслээ гүйцээж байгаа нь Л.Эрхэмбаярыг ямар жижигхэн улстөрч гэдгийг бэлхнээ харуулж байна. Уг нь намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн намынхаа эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө дуугарах байтал захын нэг дүүрэгт зодоон цохион үүсгэж байгаа нь өрөвдөлтэй. Түүний балгаар зөвхөн Сонгино хайрхан дүүрэг ч бус, Чингэлтэй, Баянгол, Дархан-Уул болон бусад аймгуудад АН-ын дунд шатны зөрчил хурцдаж эхэлсэн гэж АН-ын нөлөө бүхий эрхэмүүд үзэж байна.
Энэ бүхний эцэст намынх нь нэр хүнд унаж, дарга нарыг дагагсад болоод мөнгөтэй нь ҮЗХ-д сонгогдон орох биз ээ.
Магадгүй АН-аас угшилтай Шударга ёс эвсэлийн Г.Уянга, намдаа гомдсон ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нар Интернационал дууны хуулбараар жагсаал хийж, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч УИХ-ын гишүүн О.Ганбаатар намаа байгуулж АН-ын нэр бүхий хэд хэдэн УИХ-ын гишүүн фракцийн тэргүүн нарыг эгнээндээ элсүүлэх нь тодорхой болчихсон энэ үед ҮЗХ-ны гишүүний суудлын төлөө өрнөсөн тэмцэл эцэстээ АН-ын хүчийг ирэх 2016 оны сонгуульд 2 бус 3 тэр байтугай нилээн хэд хувааж ялагдал хүргэх талтай гэж улс төр судлаачид таамгаа дэвшүүлж эхэлсэн. Хямралын гэж зарласан жилдээ хуудуутай ажил багахан хийж 2015 оны төсвөө тун яаралтай тодотгохгүй бол дан ганц АН-ын эрх ашгаас болж Монгол улсын эдийн засаг доройтлын бус гамшигийн байдалд ч хүрч мэдэх юм даа.
Д.Бат
Сэтгэгдэл (16)