Төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах, яам, агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Засгийн газар оруулж ирсэн. 2015 оны төсвийн тодотголд уг арга хэмжээнүүдийг авч төсвийн урсгал зардлыг бууруулахаар тооцоолоод байгаа юм. Засгийн газар юун түрүүнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, төсвийн урсгал зардлыг 18.5 тэрбум төгрөгөөр хэмнэнэ гэж үзжээ. Ингэхдээ төсвөөс санхүүждэг байгууллагын тоог 56-аар, төрийн албан хаагчдын орон тоог 1669 хүнээр бууруулах юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед төрийн албан хаагчдыг нэг хүнээр ч нэмэгдүүлэхгүй гэж байсан ч албан хаагчдын тоог нэмсэн. Үүнээс болж цомхотгол хийхээс сонголт үлдээгүй юм.
Төсвийн зарим байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулахаар тусгасан. Учир нь ойролцоо чиг үүрэгтэй байгууллагаад нэлээд бий. Эдгээрийг нэгтгэж нэг зохион байгуулалтад оруулж, цомхотгол хийснээр урсгал зардлыг мөн хэмнэх тооцоотой байгаа юм. Ойролцоо чиг үүрэгтэй, нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгуулагдсан төсвийн зарим байгууллагуудыг нэгтгэх, төсвөөс цалинждаг үндэсний хороо, зөвлөлийн ажлын албадыг татан буулгах зэргээр төрийн албан хаагчийн орон тоог 95-аар, захиргаа, удирдлагын зардлыг 646.3 сая төгрөгөөр бууруулах нь.

Ойролцоо чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх зохион байгуулалтыг хийхээс гадна татан буулгах байгууллагын жагсаалтыг мөн гаргаад байгаа юм. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяанд байдаг Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан үндэсний хороо, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороог тус тус татан буулгахаар болоод байна. Эдгээрийг татан буулгаснаар төсөвт үзүүлэх цэвэр нөлөөлөл нь 83.2 сая төгрөг байх нь.

Бүтэц зохион байгуулалттай холбоотой дараагийн арга хэмжээ бол зарим байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх явдал. Өөрийн гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэх боломжтой 7 төсөвт байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх боломжтой гэж үзээд байгаа аж. Нийт 10.9 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэж, төсвөөс цалинждаг албан хаагчдын тоо 592 хүнээр буурахаар тооцжээ.

Харин энэ бүтцийн өөрчлөлтөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэр дундаа Хууль зүйн үндэсний хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг хүрээлэнг аж ахуйн тооцоонд шилжүүлснээр боловсон хүчнээ алдахаас эхлээд хууль төрөхөөс өмнөх бодлогын судалгааг хийх бүтэц алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй болохыг гишүүд ярилаа. Хууль байнгын хорооны гишүүд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зардлыг Хууль зүйн сайдын багцаас гаргах, мөн санхүүжилтийг аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр төрийн албан хаагчдын утасны зардлаас танасан мөнгөөр санхүүжүүлэх зэрэг саналууд гарч байлаа. Эдгээр саналууд нь байнгын хороодын дэмжлэгийг авч Төсвийн байнгын хорооны хуралд оруулахаар болсон юм.
Засгийн газрын шинэ бүтцийн дагуу зарим агентлагуудын урсгал зардлыг бууруулна. Шинэ бүтцээр татан буугдсан Цөмийн энергийн газрын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой 25 орон тоог Цөмийн энергийн комисст, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих, цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд хадгалах, тээвэрлэхтэй холбоотой 35 орон тоог мэргэжлийн хяналтын байгууллагуудад шилжүүлнэ. Харин бодлогын асуудал хариуцсан хоёр орон тоог Уул уурхайн яаманд, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой зургаан орон тоог Ашигт малтмалын газарт шилжүүлж, харин орон тоог 28-аар, урсгал зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар болжээ. Мөн Хилийн боомтын нэгдсэн захиргааг татан буулгасантай холбогдуулан 128 орон тоог Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжүүлж байгаа юм. Орон тоог нь 70-аар, урсгал зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр бууруулах юм байна. Орон тоог цомхотгож, ойролцоо чиг үүргийг нь үйл ажиллагааны хувьд нэгтгэснээр төсвөөс хэдий хэр мөнгө хэмнэж болохыг дээрх хүснэгтүүдээс харж болохоор байна. Хэрэв өмнөх Засгийн газар ингэж орон тоог нэмэгдүүлээгүй бол ийм хэмнэлтийг хийх шаардлага байхгүй байсан биз ээ.
Д.Сүх