Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч” болон “Монголиан Пропертис” ХХК-иудын хамтарсан консорциум Монголбанкны захиалгаар сар бүр орон сууцны үнийн индексийг судалж, зарладаг. Өнөөдөр дээрх компаниуд хамтран 2014 оны арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг олон нийтэд танилцууллаа. Судалгаагаар Орон сууцны үнийн индекс 2014 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.54 хувиар буурсан байна. Сүүлийн таван сарын хугацаанд орон сууцны үнийн индекс тасралтгүй буурснаар ийнхүү жилийн дүнгээрээ орон сууцны үнэ бууралттай гарсан байна. Харин индексийн суурь он буюу 2013 оны нэгдүгээр сартай харьцуулахад үнэ 18.9 хувиар өсчээ.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн З.Манлайбаяр “2013 оноос эхлээд 2014 оны эхний хагас хүртэл 25 орчим хувиар өссөн. Сүүлийн хагаст 5 орчим хувиар буураад байгаа юм. Сүүлийн таван сарын хугацаанд сард дунджаар 1 орчим хувиар, алгуурхан буурч байгаа. Орон сууцны үнэ ямар шалтгааны улмаас буурсан бэ гэдгийг тогтоохын тулд илүү нарийн судалгаа хийх хэрэгтэй. Цаашдаа ямар ч байсан орон сууцны үнэ нэг их өсөхгүй, тогтвортой байх дүр зураг харагдаж байна” гэжээ.
Д.Бат