Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа" компани юм. Тус компани нь Монголд төдийгүй дэлхийн хэмжээний түүхийн их өв болсон газар нутаг буюу Ноён-Уулыг ухаж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг устгах гэж байна хэмээн үзэж Мандал сумын ард иргэд эсэргүүцлээ илэрхийллээ.
Гацуурт ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн гэнэ. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002- 2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ.
Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэсэн байна. Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр бүхий 75,9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Гацууртыг стратегийн ордод оруулаагүйн учрыг «Бороо гоулд» буюу «Сентерра гоулд»-тай холбон тайлбарладаг.
Тиймээс өнөөдөр Мандал сумын ард иргэдийн төлөөлөл болон Ноён-Уулаа аврах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлаж, “Сентерра Гоулд Монголиа” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Учир нь Ноён-Уул нь Монголын төдийгүй дэлхийн их түүхийн өвийг хадгалсан олдвор бүхий газар. Хүннүгийн талаар судалгаа хийдэг дэлхийн 100 орчим эрдэмтэд энэ уулыг онцгойлон авч үздэг байна. Тусгай хамгаалалтад авах ёстой дэлхийн хэмжээний түүхэн өв соёлыг агуулсан тухайн бүс нутагт өнөөдрийг хүртэл нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Одоогоор энд ил мэдэгдэж байгаа 200 гаруй булш, бунхан бий гэнэ. Цаашлаад 2000 шахам байж ч магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.Түүнчлэн Сүжигтийн ам, Бичигтийн ам зэрэг археологийн үнэлэгдэшгүй эд өлгийн зүйлсийг агуулдаг аж. Гэтэл өнөөдөр Ноён-Уулын ай сав газарт 42 компани хайгуул, олборлолтын ажил хийж байгаа нь цаашид энэ газрын эко системд ч сөргөөр нөлөөлөх болжээ.
Хүннү гүрний үеийн түүхийн өвийг хамгаалах сэтгэл бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6000 гаруй иргэд, УИХ-ын 18 гишүүн Ноён-Уулыг ухуулахгүй гэдэгт санал нэгдэж гарын үсэг зурцгаасан байна. Саяхан Хүннү гүрний 2222 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Тийнхүү хүндэтгэл үзүүлж байсан тэр хүмүүс өнөөдөр түүнийгээ үгүй хийх гэж байгааг нутгийн ард олон авлигатай холбон тайлбарлаж байлаа.
Ноён-Уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр зэрэг нутгийн бүсэд оршдог бөгөөд Хараа голыг тэтгэдэг, усны хагалбар үүсгэдэг онцлог бүхий газар юм байна. Тиймээс археологичид ч энэ газрыг яаралтай хамгаалалтад авах ажлыг эхлүүлэх шаардлагатай болжээ.
Б.Саруул