Л.Эрхэмбаярын намаа хагалах үйлдэл хэрээс хэтэрлээ

СХД-ийн Ардчилсан намын дэд дарга Н.Зундуйдаваа, Ш.Даваажав, Б.Мөнхгэрэл, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Төмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг ажлаа аваад 3 өдрийн дараа АН-ыг хагаралдуулах үйлдлийг зохион байгуулсанд  харамсч буйгаа хэллээ.

2015.01.11-ний өдөр товлогдсон  СХД-ийн АН-ын дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг тэрбээр зохион байгуулалттайгаар тасалдуулж, жирийн гишүүдийн санал өгөх эрхэнд халдсан байна. Сонгуулийн өдөр Л.Эрхэмбаяр нь эгчийнхээ хүү Билгүүнийг өөрийн эхнэрийн дүү Дэлгэртэй  хамт явуулж “Өнөр” хорооллын орон сууцны контор болон СХД-ийн ТҮК-ийн ажилчдыг зохион байгуулалттайгаар авчран намын байрны хаалгыг дарж, сонгуулийг тасалдуулсан юм. н.Дэлгэр нь СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн атлаа дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч. Товчхондоо намаас түдгэлзэх ёстой хүн. Тухайн өдрөө дээрх ажилчдыг намын байрны хажууд зогссон хөх өнгийн автомашинд Баянхошуу бүсийн ЗАА-ны дарга н.Нямсүрэн дуудан мөнгө тараасан нь  бичлэгээр нотлогдож байна. Харамсалтай нь тэнд намын гишүүд хуруу даран тоологдохоор байсан бөгөөд зориудаар намын гишүүд эсэргүүцэж буй мэтээр харагдуулжээ. Дээрх зохион байгуулалттай үйлдэл нь нөхөн сонгогдох 37 хүний 17-г нь Л.Эрхэмбаярын санал болгосон хүмүүсийг сонго гэж тулгахад дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар хүлээж авалгүй, сонгууль дүрмийн дагуу гишүүдийн саналаар шийдэгдэх ёстой гэснээс үүдэлтэй аж.

Мөн Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарын оронд нөхөн сонгууль явуулсанд гомдож эсэргүүцэл илэрхийлсэн бол  Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр төрийн албанд ажилладаг өөрийн хүүхэд Нийслэлийн авто тээврийн газрын орлогч О.Түшиг, Гадаад харилцаа, эдийн засгийн  яамны  Европ Азийн хэлтсийн мэргэжилтэн Г.Төмөрхүү нарыг дүүргийн намд үлдээхийг  тулгасан байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол дүүргийн намыг самрах үйлдэл хийнэ гэж дайрч доромжилсон удаа байгаа аж. Тэгэхээр жирийн гишүүдийн санал Л.Эрхэмбаярын хувьд ямар ч хамаагүй юм гэж үү.

Л.Эрхэмбаярыг удаа дараа сонгуульд ялагдал хүлээсэн тул СХД-ийн АН-ын даргаас огцруулсан. Тэрбээр тус дүүргийн АН-ын даргаар 10 жил ажиллахдаа дүүргийн намын хорооны гишүүдийг удирдлагаас дур мэдэн шууд томилдог тогтолцоог нэвтрүүлээд байсан юм. Дээрх тогтолцоог дэд дарга Л.Гантөмөр ч хамт өөгшүүлж байв. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй даргын суудлаас огцрууллаа хэмээн өширхөж АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн суудлаас өөрийн “үүр”-лүүгээ “галлаж” байгаад журмын нөхөд, намын гишүүд нь харамсаж байна.

Дүрмийн бус хурлаар дүрмийн бус Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, улмаар дүүргийн нутаг дэвсгэрийн сонгуулийн хороо байгуулах саналыг АН-ын дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн ч тус хороо нь уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ нь шинээр байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаа нь анхнаасаа дүрмийн бус гэдгийг нотолж байгаа хэрэг юм.

Монгол Улсад АН-ын дүрэм хэрэгждэг байхыг хүсч байна. 

эх сурвалж УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны Олон нийттэй харилцах хэсэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.