Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. Уг хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг явуулахаар тусгасан байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулж байх юм байна.

УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах аж. Харин мөрдөн шалгах сонсголын тухайд олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, УИХ-ын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулахаар зохицуулжээ. УИХ-аас тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулж ажиллуулахаар төсөлд тусгасан байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд дээрх асуудлыг тусгаснаараа хариуцлагын тогтолцоог бий болгож чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаагаа чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ онцолж байлаа. Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.