Цусны сорил тамхинаас гарах аргыг олоход гол үүрэгтэй

Английн “Лансет” хэмээх эрүүл мэндийн сэтгүүлд “Хүмүүст тамхинаас гарахад туслах шилдэг аргыг олоход цусны сорил чухал үүрэгтэй” гэсэн мэдээлэл  нийтлэгдсэн байна. 

АНУ-ын Пенсильванийн их Сургуулийн судлаачид тамхинд агуулагддаг никотин хэмээх бодис хүний эрүүл мэндэд хэр зэрэг хор хөнөөлтэй болохыг судалсан. Никотин нь тамхинд агуулагддаг хамгийн хүчтэй донтуулагч бодис юм. Тамхийг хэрэглэснээр хүний биеийн эсэргүүцэл буурах үед илүү их никотиныг хүсэж, тамхийг дахин татсаар байдаг аж. Гэхдээ никотин нь хүмүүсийн биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр түвшинд үйлчилдэг. Тиймээс хүмүүс тамхийг дахин татахыг хүсэж, улмаар түүнийг орхиход бүр ч хэцүү болдог байна. 

Пенсильванийн Их Сургуулийн судлаачид тамхи татдаг 1240 хүнийг сонгон авч тамхинаас гаргах янз бүрийн хөтөлбөрт оролцуулжээ. Тэд эхлээд тамхи татдаг хүмүүсийн цуснаас сорил авч, никотин хэвийн болон удаан түвшинд үйлчилдэг эсэхийг нь тогтоосон байна. Дараа нь, хүмүүст тамхи хэрхэн үйлчилж байгааг харуулаад, хүн бүрт тохирох эмчилгээг хийж эхэлжээ.

Эмч нар тамхинаас гаргах эмчилгээ бичихдээ тамхийг үргэлжлүүлэн татах дур хүслийг бууруулахын сацуу тамхинаас гарснаар үүсэх сэтгэл гутрал зэргийн сэтгэл зүйн болоод бие махбодод гарах өөрчлөлтийг тэнцвэржүүлэхийг чухалчилжээ. Эмч нарын бичсэн хамгийн чухал эм нь “Варениклин” гэдэг никотины эсрэг эм байлаа.  Энэхүү судалгааны эхний долоо хоногт судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь нь тамхинаас гарахыг хичээж байгаа үр дүнг харуулсан байна. 

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.