Энэ жилийн улстөрчдийн хаврын синдром өвлийн синдром болж хувирч байгаа бололтой. Энэ нь нэг талаас Монгол оронд хүйтний эрч чангарахгүй хэт дулаахан өвөл болж байгаатай холбоотой хэмээн цахим ертөнцийн зарим жиргээчид шуугиж байна. Иргэний хөдөлгөөний гэх тодотголтой УИХ-ын зарим гишүүд, мөн улстөрийн албан тушаалтангууд цагаан сараас өмнө нэг хэсэг нь нам байгуулах, нөгөө хэсэг нь жагсаал хийхээ ээлж дараагаар жиргээний ертөнцөөр зарлаад байна. Үүний нэг нь ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, УИХ-ын гишүүн Шударга Ёс эвсэлийн бүлгийн Г.Уянга нар.
ШӨХТГ-ын дарга О.Магнай оны өмнөхөн сүр, дуулиантай ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл тэрбээр жагсаал, тэмцлээрээ дахин Монголын улс төрд орж ирэхээр болжээ. Тэрбээр “Миний хувьд Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллах боломжгүй. Бидний ёс суртахуун, зарчим, үнэт зүйл таарахгүй. Энэ мэт шалтгааны улмаас албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байна” гэсэн билээ. Түүний энэ үйлдэл нь сайн дураараа өөрөө ажлаа хүлээлгэн өгч байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсэн боловч түүнийг АН-ынхан албан тушаалаас нь шахаж буулгасан гэдэг. Цаашилбал уг тохироо аль хэдийнэ хийгдчихсэн байсныг ч эх сурвалжууд хэлж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа О.Магнайтай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн аж. Тиймээс О.Магнай У. Хүрэлсүхээс илүү АН-аас шалтгаалж ажлаа өгсөн гэх. Түүнийг ажилд нь үлдээж болох байсан ч АН-ынхан О.Магнайгийн төлөө хуруу бүү хэл хумсаа ч хөдөлгөөгүй гэдэг. Намдаа гомдсон тэрбээр намынхаа эсрэг хөдөлж эхэлжээ. Зарим хүмүүс түүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын шинэ намд орно гэж буй. Ямартай ч тэрбээр ирэх хоёрдугаар сарын 6-нд жагсаал хийхээр бэлтгэж байгаа талаар зарлаад амжсан. Цаашлаад уг жагсаалдаа зориулаад дуу хүртэл зохиож өөрөө дуулсан байна. Ингэхдээ өөрийн дотны найз УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран дуулжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Найздаа хамгийн сайн сайхныг хүсье! Бид хамт хийсэн шинэ дуугаа дууллаа” гэсэн тайлбарыг дууны үгний хамтаар оруулжээ.
Дууны үг
Босоцгоо дарлагдсан ардууд аа
Борчуудын ертөнц босоцгоо
Эсэргүүцэл төгс манай ялалт
Эрэлхэг жагсаалд бид бэлэн байна!
Энэ бол бидний эцсийн
Эрэлхэг тэмцэл юм
Эгэл ардуудтайгаа хамт
Энэ тэмцэлд бэлэн байна!
Тэд хоолойны бичлэгтээ уржигдар орой оржээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд цаашид болох бүх жагсаалынхаа ард энэ дууг тавих юм гэнэ. /24tsag.mn/
Харин энэ дууны үгийг уншихаар өөрийн эрхгүй 1917 оны Оросын октябрийн хувьсгалд зориулан коммунист хувьсгалын агуу удирдагчид К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин нарын гаргасан уриа:
Босоцгоо дарлагдсан ардуудаа
Боолчуудын ертөнц босоцгоо хэмээн эхлэх дууг яахын аргагүй сануулна. Үргэлжилсэн хэдэн мөр нь уг дууныхтай төстэй. Төстэй ч гэж бараг хуулбарлачихсан гэхэд хилсдэхгүй. Нэгэн хэсэг урлагынханыг тэр дундаа рок попынхон болон хип хопчуудыг дууны үг хулгайллаа олон улсын оюуны өмчийн газарт дуудагдах нь гэсэн яриа гарч шүүмжлэл дагуулж байсан. Харин одоо улстөрчид маань 2 сарын 6 нд болох жагсаалдаа Интернационал дууны үгийг үл ялиг монголчилоод дуулвал чухам юу болох талаар бодож үзсэн болов уу? 90 ээд оны эхээр Хонхны дуугаар Монголчууд тайван замаар ардчилалд хөл тавьж байсан бол 2015 онд “Хуулбар” дуугаар эргээд коммунист дэглэмд шилжих нь үү гэсэн хардлага ч байна.
Д.Сүх
Сэтгэгдэл (41)