Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.
Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.
1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болжээ.
Түүхийн хуудсыг эргэн сөхөж Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлагдахд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч Б.Чимид агсаны нэгэн сонирхолтой ярилцлагыг /Монголын мэдээ сонин. 2010 он/ эрхэм уншигч танаа толилуулья
Ардын багш, гавъяат хуульч Б.Чимид: Үндсэн хууль батлахад нийт сонгогчдын 75 орчим хувь нь оролцсон
-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах журам боловсруулах ажлын хэсэг байгуулаад байгаа. 1992 оны шинэ Үндсэн хууль батлах явц ямар журмаар явагдсан бэ?
-1990 онд Ардчилсан хувьсгал ялж, өмнөх Үндсэн хуулиас эрс өөр үзэл баримтлал бүхий Үндсэн хууль боловсруулах ажилд орсон. 1990 оны гуравдугаар сарын 23-нд Ардын Их Хурал/АИХ/ Үндсэн хуульд нэг нам дангаар ноёрхсон улс төрийн хуучин дэглэмийг халж, олон ургалч үзэл, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн зарчмын цоо шинэ өөрчлөлт нэмэлт оруулсан юм. Тавдугаар сарын 12-нд Үндсэн хуулийн нэмэлтийн хууль нэртэй шилжилтийн чанартай Үндсэн хуульчилсан хууль баталж, үүгээр байнгын парламент, төрийн тэргүүний байгуулал тогтоож, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагыг өөрчилсөн байна. Энэ хоёр арга хэмжээ шинэ Үндсэн хууль боловсруулж гаргах, анхны алхам гол чиг шугам болсон л доо.
1990 оны долдугаар сард анхны ардчилсан сонгууль болж, шинээр АИХ сонгогдсон. АИХ-аас есдүгээр сарын 13-нд байгуулсан хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага болох Монгол Улсын Бага Хурал/УБХ/ 10 дугаар сард Үндсэн хууль боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулсан юм. Комиссыг Ерөнхийлөгч П.Очирбат ахалж, бүрэлдэхүүнд нь Ерөнхий сайд, Улсын Бага Хурлын удирдах хүмүүс, байнгын хороодын дарга, улс төрийн намуудын төлөөлөл орсон. Эрх зүйч, түүхч, хэл шинжээч, соёл урлаг судлаач гээд олон салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд Үндсэн хуулийн төсөл боловсруулахад хувь нэмрээ оруулсан.
-Шинэ Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлэг хэр удаан үргэлжилж, хэр олон иргэн саналаа өгсөн бэ?
-1991 оны тавдугаар сард УБХ Үндсэн хуулийн төслийг хоёр удаа хэлэлцэн зөвшөөрөөд ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдсэн. Санал авахаар бүсчилсэн зөвлөлгөөн таван удаа зохион байгуулж, хэвлэл мэдээлэл, захидал, уулзалт, хурал гээд олон аргаар сонгогчдын саналыг гурван сарын турш ард нийтээр хэлэлцүүлэхэд төрийн удирдлагын хэлбэр, газар өмчлөл зэрэг асуудлаар нэлээн хурц ширүүн маргаан ч гарч байсан. Тийм асуудлаар олон түмний санаа болон мэргэжилтний саналыг жич судалж олонхийн саналыг тусгасан юм. Нийт 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлсэн байсан. Ард нийтийн саналын дагуу хуулийн төслийг сайжруулсны дараа УБХ дахин хоёр удаа хэлэлцээд АИХ-д мэдүүлж, ард түмнийг төлөөлсөн 420 гаруй төлөөлөгч ажлын 60 гаруй хоног хоёр удаа зүйл бүрээр нь хэлэлцэж баталсан юм.
Энэ өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ-ын Тамгын газраас тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулан байгуулсан байна.
Уншигч танд Шинэ үндсэн хуулийн чухал хэдэн заалтаас толилуулья
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
Нэгдүгээр зүйл.
1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Хоёрдугаар зүйл.
1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Гуравдугаар зүйл.
1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
Дөрөвдүгээр зүйл.
1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
2. Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.
Тавдугаар зүйл.
1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.
5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.
Зургадугаар зүйл.
1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
3. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.
Долдугаар зүйл.
1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.
Наймдугаар зүйл.
1. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө.
Есдүгээр зүйл.
1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
2. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
3. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
Аравдугаар зүйл.
1. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
4. Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.
Арван нэгдүгээр зүйл.
1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.
2. Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.
Арван хоёрдугаар зүйл.
1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
3. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
6. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.
7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.
Арван гуравдугаар зүйл.
1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
2. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
Арван дөрөвдүгээр зүйл.
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Арван тавдугаар зүйл.
1. Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.
2. Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.
Арван зургадугаар зүйл.
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;
4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;
5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;
6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;
10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;
12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;
16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
Бэлтгэсэн: Д.Батсүх