Өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд Испанийн Каталон мужийн Барселон хотын метронд монгол залууг ОХУ-ын иргэн зодож танхайран, найзууд нь тус бичлэгийг YouTube-д тавиж, Twitter-тээ манай Орос найзын зодоон гэж жиргэсэн хэрэг гарсан билээ. Барселон хотын Прокурорын газраас энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн үзэж, хатуу чангаар шийтгэхээ мэдэгдээд байсан.
Хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа буюу долдугаар сарын 1-2-нд ГХЯ-ны сайд Л.Болд Испанид айлчлан, Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлтэнд оролцсон юм. Энэ үеэр Испани дахь Монголын Өргөмжит консул, хатагтай А.Поведа энэ хэрэгт анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн. Испанийн Цагдаагийн газраас тухайн хэргийг мөрдөн шалгахад хэрэгтнүүдийн нэг “Монгол залуу метронд гуйлга гуйж байсан эмгэнийг доромжилсон тул бид эмгэнийг өмөөрөн зодсон” гэж мэдүүлэг өгсөн ч худлаа болох нь нотлогджээ.
Испанийн прокурорын газраас орос залуучуудыг неонацист хэмээн үзэж, гурван жилийн хорих ялаар шийтгэхээр шаардлага тавьсан байна. Прокурор Мигель Анхель Агилар “Жауме нэртэй орос хэрэгтэн нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхах явдлыг өдөөж, сурталчилсан хэмээн буруутгасан байна. Прокурор мөн хэрэгтэнг гурван жилийн турш хохирогчид 1000 метр ойртохыг хориглож, монгол залууд сэтгэл санааны хохирол болгон 9000 евро төлөх ёстой” гэж мэдэгджээ.
Зодооны явцыг гар утсандаа бичиж аван, интернэтээр тараасан Алекс, Владислав нарт мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Саруул