19-р зууны эхээр тусгаар тогтнолоо тунхаглан зарлах үеэр манай улс ердөө 500-хан мянган хүн амтай байсан гэдэг. Түүнээс хойш 1962 онд хүн амын тоо нэг саяд хүрсэн бол 1988 онд хоёр сая дахь иргэнээ хүлээн авч байжээ. Харин энэ жил тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авах гээд төр маань ч хөл алдан бэлдэж, иргэд маань ч битүүхэн л догдлоостой хүлээнэ.
Хүн амын өсөлтийн түүхийг ажихад, хагас саяас бүтэн саяулаа болоход 40 орчим жилийг туулсан бол дараа нь нэг дахин үржихэд ердөө 26 жил шаардагджээ. Дахиад 27 жилийн дараа хүн ам маань нэг саяар нэмэгдэх гэж байна. Тэгэхээр 19-р зууны 2-р хагасын эхэн үед хүн амын өсөлтийн хурд хамгийн оргил үедээ байсан гэж хэлж болохоор график харагдаж байгаа юм. 1962-1988 он хүртэл нэг дахин өссөн хүн ам дараагийн 27 жилд 50 хувиар өсч, өсөлтийн хурд эрс буурсан нь нийгмийн байгуулалтын өөрчлөлттэй холбоотой байж мэднэ гэж би хувьдаа дүгнэж байна. Зах зээлд шилжих жилүүдэд дээр, доргүй бужигналдаж, нэг хэсэг нь өнөө маргаашийн хоолныхоо төлөө, нөгөө хэсэг нь шинэ цагийн хөрөнгөтөн болох гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж, үр хүүхдийн асуудлыг хойш тавьж байсан нь үнээн. Ийн хэсэг хугацаанд учраа олох гэж бужигналдсан монголчууд сүүлийн жилүүдэд нийгэм дэх байр сууриа бэхжүүлж авах гэж мөн л завгүй, нөхөн үржихүйн асуудлыг хойшлуулсаар. Мэдээж, өөр олон шалтгаанаар олон хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосууд бий.
Хойгуураа биднээс 50 дахин их хүн амтай ОХУ-тай, урдуураа биднээс 433 дахин их, хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг БНХАУ-тай хиллэдэг цөөхөн монголчуудын хувьд энэ хоёр том гүрэнд уусч үгүй болохгүйн тулд хүн амаа өсгөхөд онцгой анхаарах ёстой. Нөхөн үржихүй, түүний дотор удмын сангаа цэвэр авч үлдэх асуудлыг төр тэргүүн шугаманд авч үзэж, эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг бодлого зохицуулалт болон эдийн засгийн хөшүүргээр дэмжих шаардлагатай байгаа. Гэтэл эдийн засаг хүндэрлээ гээд хамгийн түрүүнд ээжүүд болон хүүхдүүдийн мөнгөнд гарч хүрч байгаа нь нүдээ олоогүй шийдвэр гэж бодож байна.
ЗГ-ын оруулж ирсэн саналаар хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол одонтой ээжийн мөнгө олгохыг зогсооно гэж байгаа. Гэтэл хийж бүтээх идэр залуу насандаа олон хүүхэд төрүүлж, үүний улмаас ажилласан жил нь багаар тооцогдож, хамгийн бага тэтгэвэр авч байгаа ээжүүд цөөнгүй бий. Тэд “хүн хийх” гэдэг хамгийн чухал, хариуцлагатай ажилд амьдралынхаа нэлээдгүй хугацааг зарцуулсныхаа төлөө ийн хохирч байгаа. Тэгэхээр цаашид нийгмийн даатгалын тухай хуульд эхчүүдийн гэртээ хүүхдээ асарсан хугацааг ажилласан жилд тооцох, түүнчлэн ядаж нэг нас хүртэл нь тодорхой хэмжээний “цалин” олгох асуудлыг тусгууштай. Энд хэдэн мянган эх, хүүхдийн амьжиргааны асуудлаас гадна нөхөн үржихүйн асуудал хөндөгдөж юм шүү дээ, уг нь.
Харин хүүхдийн мөнгөнөөс баян тансаг хийгээд боломжийн амьдралтай айлын хүүхдүүдийг хасахад болохгүй юмгүй. Тэднээс хэмнэсэн мөнгийг үлдсэн хүүхдүүдэд нэмж олговол сайн хэдий ч өнөөдөр улсын эдийн засаг ямар байгаа билээ дээ, нөхцөл байдал сайжиртал хэсэгтээ дээр доргүй, том жижиггүй бүсээ чангалъя л даа, хэдүүлээ.
Нийтлэлч: Эрдэнэбалын Ирэхбаяр
Сэтгэгдэл (6)