Мобиком хэрэглэгчийн мэдээлэл гаргаж өгч, ОХИД 9911-ын эздийг дарамталжээ

 -“МОБИКОМ”-ЫН АЖИЛТНУУД 9911-ДУГААРТАЙ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ,

ГЭРИЙН ХАЯГИЙГ ГАРГАН ӨГСНӨӨ ХҮЛЭЭЖЭЭ-

Манайхны зарим нь нэр төрийн баталгаа болгож 9911-тэй дугаар хэрэглэдэг бол зарим нь бэл бэнчинтэй босс болж харагдахын тулд ийм дугаар барьж гангарах нь бий. Монголын томоохон баячуудын нэг, танил маань ярихдаа “9911-тэй дугаартай байх хэцүү шүү. Элдэв хүн залгаж тэгж туслаач, ингэж туслаач гэнэ. Охид танилцахаас эхлээд элдэв санал тавьж залгаж, мессэж ирүүлдэг. Түүнээс болоод гэр бүлд хааяа ч халуухан юм болно шүү дээ”хэмээн толгой сэгсрэн өгүүлж билээ. Энэ бол энгийн жишээ гээд бодохоор баячуудад ч хүртэл хэтийдсэн чамирхлын хариу ирдэг л бололтой.  

Анх Монголд гар утас цөөхөн тоотой орж ирсэн байдаг. Энэ үед бизнесменүүд холбоо барьж, ажлаа амжуулахын тулд утсыг чухалчилж байснаас 9911-тэй дугаарт төдийлөн ач холбогдол өгдөггүй байж. Харин улс төр, бизнест шинээр орж буй хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх гэж 9911 рүү хошуурч эхэлжээ. Энэ нь даамжирсаар “солиорол” болж, нэгэн жижиг компаний захирал нэг өрөө байраа 40 орчим сая төгрөгөөр зарж ийм дугаар авснаар түүний үнийг тэнгэрт хадах эхлэлийг тавьсан гэдэг.  

Хоёр, гурван өрөө байрны үнэ хүрдэг энэ “чамирхал” дарамт шахалтын бай болгодог гэмтэй. Түүгээр ч зогсохгүй овжин бөгөөд саваагүй нэгний гэмт хэрэг үйлдэх сэдлийг ч төрүүлдэг бололтой. Ийм нэгэн хэргийн тухайд өгүүлэхдээ охид бүсгүйчүүддээ саваагүй зангаасаа болж бүү алдаасай хэмээн сэрэмжлүүлж буй юм.

Одоогоос хоёр жилийн өмнө 18-21 насны хоёр бүсгүй Монголын томоохон бизнесмен, улс төрчдөөс эхлээд 9911-тэй дугаар барьдаг томчууд руу утас цохиж, элдэв мессэж илгээн бөөн асуудал үүсгэжээ. Энэ нь явсаар гэмт хэргийн шинжтэй болж, шүүхээс Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл буюу Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж таван жилийн ял оноожээ. Тодруулбал, тэдэнд шүүхээс Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-оор ял төлөвлөж шүүн хэлэлцсэн байна.

Тус зүйлд “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр 3-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Хэрэг явдлыг товчхон өгүүлэхэд, тэд УИХ-ын гишүүдээс эхлээд 9911-тэй дугаар барьдаг 10 гаруй хүнийг утасны цаанаас дарамталж, ихээхэн хэмжээний мөнгө нэхжээ. “Мөнгө өгөхгүй бол эхнэр, үр хүүхдүүдэд чинь хэлнэ, хэвлэлээр фактыг чинь олон нийтэд дэлгэнэ” гэхчилэн дарамталдаг байсан аж. Дээрх эрхэмүүдээс “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, “Мон Уран”-ы Б.Наранхүү нар шүүхэд гомдол гаргаснаар энэ хэрэг Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж эхэлжээ.

“Мобиком”-ын хоёр ажилтан дээрх хоёр эмэгтэйд 9911-тэй хэрэглэгчдийн гэрийн хаяг, утасны дугаарыг гаргаж өгснөө шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Иргэд 102-ын утсанд худал дуудлага өгч нааддаг шиг бодон та бидний хэний ч хүүхэд ийм хөнгөн саваагүй зан гаргасныхаа хариуд гэмт хэрэгтэн болохыг үгүйсгэх аргагүй билээ.

эх сурвалж medee.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (158.208.192.248)
    huviin medeelliig busdad uguud bhdaa yahav de yun buduuleg yum be uil ajillagaagaa zogsoovol taarna.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.120.121)
    Huviin nuutsad huuli busaar haldval hun aminii ch hereg garch medne shuu. Mobicom ajilchdiinhaa hariutlagiig changaruulah dahin hatuu sanuulah heregtei. Togloom bish shuu.
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.58)
    Энэ Мобиком одоо болиосой дооооо
    2015 оны 01 сарын 13 | Хариулах