72 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр орой АНУ-ын Калифорни мужийн “Беверли Хилтон” зочид буудалд болох гэж байна. “Алтан бөмбөрцөг” наадмыг Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс зохион байгуулдаг бөгөөд кино урлагийн шилдгийг шалгаруулах “Оскар”-ын наадмын өмнөх томоохон шалгаруулалт болдогоороо онцлогтой наадам билээ.
Наадамд нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд тодроод байсан бөгөөд тэд 25 номинациар шилдгүүдээ тодруулах юм.
Энэ удаагийн наадамд “Birdman” кино хамгийн олон номинацид буюу 7 төрөлд нэр дэвшиж байгаа бол “Boyhood”, “The Imatation Game” бүтээлүүд тус бүр 5 номинацид, “Gone Girl”, “Selma”, “The Grand Budapesht Hotel”, “The Theory of Everything” кинонууд тус бүр 4 номинацид, “Big Eyes”, “Foxcatcher”, “Into the Woods” бүтээлүүд 3 номинацид, “Annie”, “St. Vincent” кино тус бүр 2 номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн “Алтан бөмбөрцөг-2014” наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дэлгэцийн шилдэг бүтээл төрөлд “12 жилийн боолчлол” кино шалгарч байсан юм. Энэ кино мөн хамгийн олон буюу долоон төрөлд нэр дэвшсэн ч ганцхан атлаа хамгийн том шагналыг хүртэж чаджээ.