Хүүхдийн өсөлт хөгжлийн гайхамшигтай үе 1-2 нас

Хүүхдүүд хөгжлийнхөө өөр өөр үе шатанд хэрхэн бодож сэтгэж, аливаа зүйлийг яаж мэдэрч хүлээж авдаг бол гэдэг хүн бүхэнд сонин байх нь дамжиггүй. Ер нь хүүхдийнхээ насны онцлогийг харгалзан тэдэнтэй харьцах нь эцэг эх болон хүүхдүүдийн аль алинд нь тустай. Тиймээс та бүхэндээ 0-18 насны хүүхдийн онцлогийн талаар сонирхуулж байна.

0-6 сартай хүүхэд

Нярай хүүхдийн бусадтай харьцах хэл нь уйлах. Тиймээс тэднийг сонсож, тэдэнд хариулж буйгаа мэдрүүлж, итгүүлэх хэрэгтэй. Нялх үрс минь энэ ертөнцөд мэндлээд бүх амьдралаа цоо шинээр эхэлдэг. Тэд олон зүйлийн учрыг ойлгож мэдэхгүй. Энэ насанд нь эцэг эхчүүд хүүхдээ маш их эвийлэн энхрийлж элэгсэг дотно сэтгэлээр хандах хэрэгтэй.

6 сараас нэг ойтой хүүхэд

Нялх хүүхдүүд өөрт нь харагдахгүй байгаа зүйлүүд хаа нэгтээ байж болно гэж ойлгодоггүй. Орхиж явахад хүүхэд уйлдаг нь биднийг буцаж ирэхгүй гэж айж байгаатай холбоотой. Тэд биднийг үргэлж ойр байх болно гэдгийг мэдэж, итгэх нь чухал байдаг. Тиймээс хүүхдээ өөртөө итгүүлж сургах нь хамгийн чухал.

1-2 настай хүүхэд

Энэ нас бол хүүхдийн өсөлт хөгжлийн гайхамшигтай үе юм. Хөлд орж буй хүүхэд аливаад хүрч, амталж эсвэл унагааж байж шинийг нээж сурч мэддэг. Тэдний орчинг аюулгүй байлгаснаар хүүхэд илүү ихийг нээж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болдог. Хүүхдийн бие даасан байдлыг хөгжүүлж дэмжих нь эцэг эхийн хамгийн чухал үүрэг.

2-3 настай хүүхэд

Хүүхдийн өсөн хөгжиж буй төсөөлөл тэднийг заримдаа айдаст автуулах нь бий. Тэдний юу мэдэрч буйг ойлгож, айх зүйлгүй гэдгийг мэдүүлэх нь чухал. Энэ насны хүүхдэд эргэн тойронд аюултай зүйл байхгүй гэдгийг дахин дахин баталж, сайн дэмжиж туслах хэрэгтэй. Хүүхэд гадны хүмүүсийн дэргэд гэрэвшиж ичдэг болдог. Энэ нь хүн хоорондын харилцааны тухай ойлголт нь сайжирч эхэлсний илрэл юм.

3-5 настай хүүхэд

Энэ нас бол маш сэргэг хурц үе юм. Хүүхэд юм бүхнийг мэдэхийг хүсдэг. Сургуулийн өмнөх насныхан тоглоом аливаа асуултаар дамжуулах аливааг сурдаг. Энэ насныхны тоглох хэрэгцээг ойлгож, аюулгүй орчноор хангах хэрэгтэй. Мөн асуултыг нь сонсож, сонирхсон зүйлд нь нухацтай хариулах нь чухал. Түүнчлэн хүүхдийн өөрийнхөө чадварт итгэх итгэлийг нь хөгжүүлэх хэрэгтэй.

5-9 настай хүүхэд

Энэ нас нь хүүхдийн амьдралд хамгийн их өөрчлөлт ордог чухал үе. Хүүхдүүд сургуульд явж эхлэхэд шинэ нөхцөл байдлуудтай тулгарч, мөн шинэ нөхөрлөлийг бий болгодог. Бэрхшээлтэй асуудлыг хэрхэн зохицуулж, аливаа зөрчлийг хүчирхийлэлгүйгээр яаж шийдвэрлэхийг энэ насныханд үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй.

10-13 настай хүүхэд

Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт эхэлнэ. Түүнд олон өөрчлөлт гардаг. Ялангуяа бие бялдрын хувьд эрчтэй өөрчлөгдөж эхэлнэ. Хүүхэд тань одоо бяцхан хүүхэд биш болсон. Тэр том хүн болоход бэлтгэгдэх насан дээрээ байна. Тийм хэдий ч тэр хүүхэд хэвээрээ байгаа. Шилжилтийн насныхан найз нөхөддөө цагаа зарцуулах нь ихэсдэг. Тэд мөн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлийн талаар бодож ялгаж салгахад их цагийг зарцуулдаг. Тэдний аюулгүй байдлыг хангахад өсөн нэмэгдэж буй биеэ даасан байдалд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

14-18 настай хүүхэд

Энэ боло маш олон үйл явдал өрнөдөг ид шидтэй нас юм. Одоо хүүхэд тань том хүн болоход тун ойртжээ. Өсвөр насныхан өөрсдийнхөө хэн бэ гэдгийг олж танихыг хичээж байдаг. Ингэхдээ тэд төрөл бүрийн дүр төрх зан байдлыг туршиж үздэг. Өөрсдөд нь итгэж бие даасан байдлыг нь хүндэтгэхийг тэд томчуудаас хүсдэг. Түүний хамгийн гол зорилго нь өөрийнхөө өвөрмөц давтагдашгүй шинж чанарыг олж нээхэд оршино.

                                                                                                                                                 эх сурвалж 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.