Хүн зовлонд хатуужиж, хайранд нялхамсдаг сэтгэлийн амьтан

АНУ-д 150 мянган доллароор эмчлэгдэх боломжтой охиныхоо эмчилгээний зардлыг бүрдүүлэхэд напелеон торт хийж борлуулан нэмэр болж буй охины ээж С.Золзаяатай уулзлаа. Хэвлэл мэдээллээр цацагдсанаас өөр өнцгөөр ярилцахыг чухалчилснаа танд хүргэе. 
 

Эмч нарт гомдохоос өөр яах ч билээ

Охиноо хэвлийд байхад бусад ээж нарын л адил эмчийн хяналтад байж, цаг тухайд ЭХО-д харуулдаг байсан. Тэр үед ургийн ямар ч гажиг илэрч байгаагүй. Төрөх үед ураг буруу байрлалтай байна гээд хоёрдугаар төрөх эмнэлэгт кесаров хагалгаагаар төрж байсан л даа. Охин маань төрөхдөө  эхийн хэвлий дэх ургийн байрлалтай байсан болохоор тэр үед л өвчнийг нь мэдсэн. Манай эмч нар ургийг таван сартайд  ЭХО-гоор гаж хөгжилтэй эсэхийг оношилдог нь буруу санагддаг. Мэдээж гаж хөгжил таван сартайгаас л мэдэгдэх боломжтой байх л даа, гэхдээ нэгэнт таван сар хүрчихсэн ургийг гаж хөгжилтэйг мэдээд яах юм бэ. Тэгээд ч хэвлийд байхдаа илэрдэггүй миний охиных шиг өвчнүүд зөндөө л байна шүү дээ. Охиноо нэг сартайгаас нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн хяналтад орсон. Охины минь дөрвөн мөч, хөлийн тавхай нь дотогшоо эргээд таталдчихсан болохоор хэлбэр засахын тулд хөлд нь гипс, гарт нь чиг тавьж бараг ой хүргэсэн. ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн эмч нар шөрмөс таталт гэж оношлоод, арай том болохоор нь хагалгаанд оруулна л гэдэг байсан. Хяналтад нь байгаад, гипс, чиг хэрэглээд охинд маань тодорхой өөрчлөлт орохгүй байсаар хоёр ой хүрсэн. Охины маань хяналтын эмч тухайн үед тэтгэвэртээ гарах гэж байгаа гээд л, би тэтгэвэртээ гарахаас нь өмнө охиноо хагалгаанд оруулчих гээд л. Солонгос, Америк эмч нар Монголд ирж үзлэг хийхэд нь охиноо үзүүлэхэд том болохыг хүлээх шаардлагагүй, аль болох эрт эмчлэх хэрэгтэй гэдэг байсан болохоор хяналтын эмчдээ хагалгаанд хэзээ орох вэ, хурдхан оруулмаар байна гэж шаардлага тавиад эхэлсэн чинь “Манайд өмнө нь ийм төрлийн хагалгаа хийгдэж байгаагүй. Бидэнд туршлага байхгүй болохоор хийх боломжгүй” гэж байгаа юм даа. Тэгвэл яах гээд том болохоор нь хагалгаа хийнэ гээд цаг алдуулаад байсан юм бүү мэд. Өдийд хяналтын эмч нь тэтгэвэртээ гараа байлгүй дээ, жил гарны өмнө л гарах гэж байгаа гээд байдаг байсан. Тэр хүний хариуцлагагүй байдлаас болж цаг алдсан. Гэхдээ тэтгэвэртээ гарчихсан настай хүнтэй хариуцлага ярьж хэл ам хийгээд яах вэ, тэглээ гээд охины минь алдсан цаг хугацаа эргэх биш гэж бодоод гомдоод л суухаас өөр яалтай. Гэхдээ хамгийн ихээр бухимдаж, гомдсон зүйл маань охиноо Америк явуулж, жинхэнэ оношийг нь мэдсэний дараа болсон. Шөрмөс таталт гэж оношлоод, том болохоор нь хагалгаа хийнэ гэж хүлээлгээд байсан онош маань АНУ-д булчингийн хөгжил болж гарсан. Охины маань булчин хөгжөөгүй болохоор биеэ даах боломжгүй, одоо булчингийн хөгжлийн эмчилгээ хийх ч оройтсон гэсэн. Үүнийг сонсоод ядаж оношийг нь зөв мэдсэн бол арай эрт шөрмөс биш, булчингийн талаар судалж, арай эрт арга хэмжээ авах байсан даа гэж харамсаж сууна. 

2014.07.24 Охиноо ингээд явуулжээ


Охин маань англиар яриад аав бид хоёр нь бараг ойлгож ч чадахаа байсан

Охиноо өнгөрсөн долоо дугаар сард АНУ-ын Мечиган муж руу буяны байгууллагынхантай явуулсан. Мэдээж таньж мэдэхгүй хүмүүст хүүхдээ өгөөд явуулахад хэцүү ч өмнө нь буурай хөгжилтэй орны хүүхдүүдийг Христэд итгэгчдийн хандив тусламжаар АНУ-д эмчлүүлж байсан болохоор итгэж охиноо явуулсан. Энэ байгууллага нийт 25 хүүхдийг ингэж эмчлэгдэхэд нь тусалж байгаа бөгөөд Монголоос авч явж байгаа хоёр дахь хүүхэд нь миний охин. Анхны хүүхэд нь төрөлхийн хараагүй, хөл гар нь мэдээгүй хүүхэд байсан юм байна лээ. Тэр хүүхдийн харааг эмчилж чадаагүй ч үе мөчийг нь эмчилж, мөлхдөг, суудаг болгосон байсан. Нөхөр бид хоёр тэр хүүхдийн ээжтэй уулзаад итгэл төрж, охиноо явуулсан даа. Анх энэ буяны байгууллага өвчтэй хүүхдүүдийг аав, ээжийнх нь аль нэгэнтэй авч явдаг байсан ч буурай орны хүмүүс АНУ-д очоод зугтаж харлах, хүүхдээ өргүүлэх санал гаргах, хүүхдээ орхиод зугтах зэрэг хүндрэлүүд гаргадаг байсан болохоор хүүхдийг асран хамгаалагчгүй авч явах дүрэмтэй болсон гэсэн. Охиноо явуулах үеэр би хамт явмаар байсан ч мөнгө төгрөгийн боломж байхгүйгээс ганцааранг нь явуулсан. Одоо харин мөнгөө цуглуулж байгаад охин дээрээ түргэн ч гэсэн очоод ирэх мөрөөдөлтэй байна. Охин маань одоо Мечиган мужид нэгэн итгэгч айлд байгаа. Тэр айл нөхөр бид хоёрын өмнөөс охиныг маань асарч, түүнд минь хэрэгтэй бүхнийг л хийж байгаа гэсэн үг шүү дээ. Миний охин хөл, гар муутай ч их сэргэлэн, мундаг. Очоод сар болоод л англиар яриад эхэлсэн. Одоо бараг аав, бид хоёр нь ойлголцох гэж бөөн юм болно шүү дээ Инээв Охиныг маань 14 хоногтоо нэг удаа утсаар яриулдаг, бичлэгийг нь явуулдаг. Миний охин сэргэлэн цовоо, үнэхээр хөөрхөн байгаа. 

Өнгөрсөн хугацаанд охин луугаа 18 сая төгрөг шилжүүлээд байна

Охинд маань зургаан хагалгаа төлөвлөгдөөд байгаа. Нийт төлбөр нь 150 мянган доллар. Энэ мөнгийг охиныг маань авч явсан буяны байгууллага олон улсын сүмүүдээс тусламж хүсч, бүх боломжоо дайчлан цуглуулж байгаа. Гэхдээ энэ их мөнгө тийм амархан цугларчихгүй шүү дээ. Охиноо явуулчихаад ажил хайсан ч жирэмсэн хүнд тийм амархан ажил олдчихдоггүй юм байна лээ. Тэгээд яаж мөнгө олох талаар бодож, өөрийнхөө хийж чадах зүйлийг хийх нь дээр гэж шийдсэн. Мэдээж би мэргэжлийн тогооч биш. Гэхдээ гэрийнхэндээ кекс хийж өгдөг байсан болохоор Sweetkitchen-ий жороор баяжуулан торт хийж эхэлсэн. Гэхдээ хаа сайгүй байх кексэн тортоос напелеон торт хийх нь дээр санагдаад. Эхэндээ худалдан авагч цөөхөн байсан ч үнэн учраа хэлээд, хэвлэл мэдээллээр гараад эхлэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс манайхаас авах нь ихэссэн. Хоёр сар гаран тортоо хийж борлуулан, сайхан сэтгэлт хүмүүсийн цуглуулсан хандивтай нэгтгээд одоогоор охиндоо бага багаар цувуулан 18 сая төгрөг явуулаад байгаа. Эмчилгээний нийт зардлын хувьд жаахан ч гэсэн охинд маань их тус болно оо. Охинд маань сайхан сэтгэлтэй олон хүмүүс тусалж байна. Америк, Солонгост байгаа болон эх орондоо амьдарч байгаа Монголчууд маань гээд л. Дэлгүүрт лангуу түрээслэн ажилладаг найз маань хүртэл хандивын хайрцаг лангуун дээрээ байрлуулсан байна лээ. Сайхан сэтгэлт тусламжийн хажуугаар хааяа үл ойлголцол үүсч, хүмүүсийн бухимдал төрөх явдал бас олон гардаг юм шиг. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй ч унадаг дугуйгаар баруун аймгуудаар аялаад ирсэн Ч.Мөнгөндалай 100 мянган төгрөг охины маань эмчилгээнд хандивласан юм. Тэгэхдээ Facebook хуудсандаа миний охины биш, зүрхний гажиг өвчтэй Мөнххүслэн гэдэг хүүхдийн тухай мэдээлэл оруулснаар хүмүүс бухимдсан юм байна лээ. Эмчилгээний зардал нь бүрдчихсэн хүүхдэд яах гээд дахин хандив өгөөд байгаа юм гэсэн бухимдал. Тухайн үед Ч.Мөнгөндалай андуурсан байх л даа. Харин түүнийг нь нэгэн цахим хуудас нягтлан сурвалжлахгүйгээр шууд мэдээлэл болгоод, шүүмжлээд  гаргачихсан. Бас саяхан нэгэн томоохон байгууллагын шинэ жилийн үеэр миний тортуудыг дуудлага худалдаанд оруулж, дөрвөн сая төгрөг хуримтлуулсан, надад авчирч өгнө л гэсэн. Нийслэлийн ИТХ-ын 18 гишүүн 5.7 сая төгрөгийн худалдан авалт хийсэн тухай мэдээлэл бас байна лээ. Одоохондоо надад тийм мөнгө орж ирээгүй байгаа болохоор бас учрыг нь олж ядан гайхаж л байна. 

Хүн зовлонд хатуужиж, хайранд нялхамсдаг сэтгэлийн амьтан

Охин үрээ эрүүл саруул болоод эргээд ирнэ хэмээн таньж мэдэхгүй хүмүүст даатган харь оронд явуулчихаад, аргацааж ядан өнгөрүүлэх хорвоогийн шаргал өдрүүдийг гуниг, бодолд дарагдан үдэхгүй гэсэндээ, охиныхоо эмчилгээний зардалд өөрийнхөө чадах зүйлээр жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө хөдөлмөрлөж буй С.Золзаяагийн яриа эх хүн хэчнээн агууг нотолно. Төв Гандангийн ойролцоо гэр хорооллын нийтийн байр түрээслэн, цахилгааны ачаалал ихсэх 17 цагаас урьтаж напелеон тортоо хийдэг тэрээр 380-н вольтын цахилгаантай ажлын байр түрээслэхээр судалж үзсэн ч 300-900 мянган төгрөгийн ханшаас нь “айжээ”. Учир нь торт талх биш болохоор худалдан авалт тийм ч их биш. Тэгэхээр өдөрт хэдэн ширхэг торт зарагдана гэж 900-н мянгын түрээс төлөх билээ. Түүнд “Хүрээ дизайн” хэвлэлийн газраас 1000 ширхэг зурагт хуудас үнэ төлбөргүй хэвлэн өгсөн бөгөөд зургаан сартай жирэмсэн тэрээр өнөөдрөөс албан байгууллагуудаар явж тараана гэнэ лээ. Охиныхоо эмчилгээ, эдгэрэлтийн талаар ярилцахдаа харц дээгүүр байсан тэрээр “Охиноо үнэхээр их санаж байна. Санана гэдэг хэцүү юмаа” гээд хоолой зангируулах нь хүн зовлонгийн өмнө сөхөрдөггүй ч, хайранд нялхамсан зөөлөрдгийг эрхгүй сануулна. 

Хөөрхөн алаг үр нь эдгэрлийг олоод, ээж аавдаа хурдхан эргэн ирэх болтугай.

Тэдэнд туслахыг хүсвэл:

Голомт 1815007441
Хаан банк 5100124153
Төрийн банк 102400130888 
Долларын данс 499229299, Мөн 155889 тусгай дугаар луу мессэж илгээгээрэй. 
Харилцах утас: 91215561

 

эх сурвалж time.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.