Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэц номын сангаа төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит болгов. Гавьяат хуульч Бяраагийн Чимид нь Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, улмаар батлалцах, түүнийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг баталгаажуулах, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан олон жилийн гавьяа, зүтгэлийг нь Монголын төр өндрөөр үнэлж байсан нэгэн юм. Түүнчлэн өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичлэгийн уралдааны дүнг танилцууллаа. Уралдаанд ирүүлсэн 17 бүтээлээс Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугарын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, оюутан З.Баянсүрэн, Б.Оюунтуяа нарын “Амьд эрхзүй ба шүүгчийн ёс зүй”, багш Р.Очирбалын “Ирээдүй хойчийн эрх ба Үндсэн хууль” сэдэвт бүтээлүүдийг шалгаруулсан байна. Мөн дээрх арга хэмжээний үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал гардуулах, “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээх шинэ номын танилцуулга тус тус боллоо
Б.Судар-Эрхи