Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2014 ондоо багтаж төсвийн тодотголоо УИХ-ын даргад өргөн барьсан. Тиймээс төсвийн тодотголоо хэрхэн хийх вэ гэдэг нь олон нийтийн дунд хүлээлт болоод байна. Уг нь өнгөрсөн намар л ийм асуудлаа яриад маргалдаад сууж байх ёстой байлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр бууруулна гэж мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн намар 2015 оны төсвийн зардлыг 7.4 их наяд, орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч энэ хэмжээний орлого олох боломжгүй учраас нэг их наяд төгрөгийн зардлыг бууруулж 6.4 их наяд төгрөг болгосон гэх төсөөллийг өгч байна.
Намрын чуулганаар энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Зарим гишүүд ч орлого нь хүрэхгүй байхад зардлаа танах хэрэгтэй гэж хэлж, саналаа оруулж байсан хэдий ч хугацаа нь тулсан төсвийн төслийг нүдээ аниад баталчихсан болохоор өнөөдөр дахин ажил удаж байгаа нь энэ юм.
Яагаав Засгийн газрыг унагаж, албан тушаал тойрсон хэлцэл, зөвшилцлүүд өрнөх тэр үеэр батлагдсан төсөв шүү дээ. Тиймээс л одоо тодотгол хийх дээ бүтэн нэг их наядын зардлыг хасах тухай яригдах болоод байна. Улс төрийн хүрээнийхэн үүнийг “хөөс шахах” гэж нэрлэдэг бололтой юм. Тиймээс ч нүдээ аниад баталчихсан төсвийнхөө хөөсийг шахах гээд яаравчлан хуралдаж байгаа нь ойлгомжтой. Нэгэнт орж ирэхгүй орлогыг ирнэ гээд баталчихсан учраас яаравчлах нь ч аргагүй юм.
2014 онд төсвийн орлогыг 6.8 их наяд төгрөг хэмээн баталж. Гэтэл 5.8 их наяд төгрөгийн орлого төвлөрснөөр улсын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан
УИХ 2014 онд төсвийн орлогыг 6.8 их наяд төгрөг хэмээн баталж. Гэтэл 5.8 их наяд төгрөгийн орлого төвлөрснөөр улсын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан байгаа юм. УИХ-ын гишүүдийн давуулсан төсөөлөл нь хожмоо эдийн засаг хүндрэх хэмжээнд хүргэлээ гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Тэгвэл 2015 оны төсвийн орлогыг мөн адил нэг их наяд төгрөгөөр давуулан баталсан нь уналтад ороод буй эдийн засгийн сөгдөхөд хүргэх аюултай юм. Тиймээс л цаг алдалгүй алдаагаа засах шаардлагатай болоод сандарцгааж байна.
Энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал 2014 оныхоос дээрдэхгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. Эдийн засаг тэлэхгүй бол төсвийн орлого өсөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ жил төсвийн орлого төсөөллөөс дахин нэг их наядаар ч тасарч мэдэх магадлалтай. Өөрөөр хэлбэл 6.4 их наяд төгрөг бус 5.8 их наяд ч байж магадгүй юм. Гэтэл намар 2015 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг гээд л баталчихсан байдаг.
Төсвийг батлахдаа орлогоо зөв тооцож, түүндээ тааруулж зардлаа тохируулах нь чухал. Ер нь хүн өөрт байхгүй мөнгөөр худалдан авалт хийдэггүй шүү дээ. Гэтэл манай дээдчүүд өөрт байхгүй орлогыг төсөөлж, түүнээсээ давсан зарлага төлөвлөж, үүнээсээ болоод гадны улс орнуудад зээл тавьж ирээдүй хойчийнхоо төлөх өрийг зузаатгасаар байгаа нь энэ юм.
Шийдлийн Засгийн газраас төсөөллийн орлогыг танах, бууруулах арга хэмжээ авч байгаа иргэд таашааж буй. Гэхдээ цаг хугацаанд нь амжуулаагүй зүйлийг тодотгол нэрээр хийдгээ болих цаг болсон гэдэг нь харагдаж байна.
Манай улс 2006 оноос хойш төсвийн орлогоо нэмж баталсаар ирсэн байх юм. Мэдээж орлого бүрэхгүй бол тодотгол хийнэ, зээл авна. Ийм л зарчимаар олон жил амьдарчээ. Тэгвэл 2015 оны төсөвт бүрдэх орлого төсөөллөөс бага байгаа учраас зардалаа танах нь ойлгомжтой. Гэхдээ таналтыг тэтгэвэр, тэтгэмжээс эхлүүлж байгаа нь иргэд олон нийтийн дургүйцэлтэй тулгараад байна. Улс төрчдийн хоосон төсөөллөөс болж улсын орлого нэг их наядаар тасарч, энэ бүхний горыг хүүхэд, хөгшид л амсах шинжтэй.
эх сурвалж olloo.mn