Сэтгүүлчид гэрэлт зул өргөлөө

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан хэрэг гарсан. Амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрд өрнөж байна.

Монголын сэтгүүлчид ч эмгэнэл илэрхийлэн, Чингисийн талбай дээр гэрэл зул өргөлөө. Энэ ёслолын үйл ажиллагааг Fress агентлаг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, манай улс дахь Францын элчин сайдын яам, Франц иргэд хамтран зохион байгууллаа.

“Би  бол Шарли” гэсэн бичгийг Англи, Монгол, Франц хэлээр бичиж барьсан сэтгүүлчид дээрх үгийг үүсгэн байрлуулсан зулуудыг асаан эмгэнэл илэрхийлж, амь насаа алдсан 12 сэтгүүлчийн нэрийг дуудлаа. Мөн энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид: “Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ажлаа хийж явсан энгийн сэтгүүлчид амь насаа алдаж, шашин хоорондын сөргөлдөөний золиос болж байна. Гэхдээ ингэлээ гээд сэтгүүлчдийн үзгийг хурааж, үгийг тасалж чадахгүй. Монголын сэтгүүлчид ч эмгэнэл илэрхийлэн, дэлхий нийттэй үзэл бодлоороо нэг байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.