Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Нөөц боломж: Бид дотооддоо илүүтэй хийж бүтээж үйлдвэрлэж эхэллээ
-Манай малчид нэгдэл хувьчлагдсанаас хойш мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө.
-Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа.
-Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Үүнд эдийн засгийн агшилт, хөрөнгө оруулалтын бууралт нөлөөлсөн тал бий. Гэвч бид дотооддоо илүүтэй хийж бүтээж үйлдвэрлэж эхэллээ.
-Эдийн засгийн хямралт байдлыг сөрж, Монголдоо хийж, бүтээж үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл манай иргэд, бизнес эрхлэгчдэд бий болж байна. Энэ бол их сайн мэдээ.
-Баялгаа боловсруулалгүй гаргавал хямралд бүтэн өртдөг, хагас боловсруулаад зарвал хагас хямардаг, бүрэн боловсруулж чадвал хямралд бага өртдөг, харин өөрсдөө үйлдвэрлэж бүтээж өөрийн болон бусдын хэрэгцээг хангаж чадвал хөгжил ирдэгийг бидний явж ирсэн зам, сургамж бэлээхэн нотолж байна.
Гадаад харилцаа: Хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа идэвхжиж сэргэх бодитой эхлэл тавигдлаа
-Гадаад бодлогын орчинд ч бид өнгөрсөн онд ахиц амжилттай байлаа. Хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа идэвхжиж сэргэх бодитой эхлэл тавигдлаа.
-Манай хоёр хөршийн төрийн тэргүүн тус бүрийн айлчлалаар тал талын харилцаанд хүлээгдэж байсан олон асуудлыг дээд түвшинд хэлэлцэж ойлголцож, бас шийдвэрлэж чадлаа. Мөн олон асуудлыг цаашид шийдвэрлэх эхлэл тавигдлаа.
-Зөвхөн хоёр талын бус Монгол Улс, ОХУлс, БНХАУлсын төрийн тэргүүн нарын гурвалсан дээд түвшний уулзалт манай орны санаачлагаар анх удаа 2014 онд боллоо. Энэхүү өндөр дээд түвшний уулзалт цаашдаа тогтмолжино.
-Мөн хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын хүрээ, агуулга тодорхойлогдож гурвалсан болон талуудын хооронд яриа хэлэлцээ, уулзалтууд ид явагдаж байна. Энэ бол Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах, гурван талын зайлшгүй оролцоотой шийдвэрлэх асуудлаа тодорхойлж, ахиц дэвшилд хүрэх ховор боломж юм.
-Өнгөрсөн онд хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг эх орондоо амжилттай хүлээн авсан манай улс ирэх жил 2016 онд хоёр тивийн, тодруулж хэлбэл Ази, Европын төр засгийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтыг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна.
Эв нэгдэл: Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой
-Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа бид нэг болж байна.
-Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвддөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй. Бид бүгд үүнд дүгнэлт хийх ёстой. Учир нь ийм хандлага бол Монголыг мохоох хандлага.
-Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй. Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм.
-Асуудлыг шийдсэний хариуцлага, буруу зөвийг хэзээ ч нэхэж болно. Учир нь тэр байгаа. Харин асуудлыг шийдүүлээгүйн хариуцлагыг яах вэ. Учир нь тэр боломж, цаг хугацаа алдагдсан, байхгүй болсон. Энэ тухай ярих хэрэгтэй, хариуцлага нэхэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний улс бүтээгч, хариуцлагатай улс болно. Бүтээлч, хариуцлагатай чанарыг дэмждэг нийгмийн зөв хандлага бүрдэнэ. Бид алдсан цаг хугацаанаасаа, алдсан боломжоосоо сургамж авч байна гэсэн үг.
УИХ, Гишүүд: Цаг хугацаа бол манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал хөрөнгө оруулалт
-УИХ-ын ээлжит сонгууль болж, Та бүхэн тангарагаа өргөж байсан нь саяхны мэт санагдаж байна. Энэ бол цагийг бид ачаалж чадаагүй, хурдан өнгөрөөсний илрэл.
-Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав! Хичнээн их бүтээн байгуулалт, боломжийг алдав аа! Цаг хугацаа бол манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал хөрөнгө оруулалт. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ!
-Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг. Эдийн засаг бол сонгуулийн амлалтаар, хоосон уриа, цээжээ дэлдэлтээр биш мөнгөөр, бодит хохирол, төлбөрөөр хэмжигддэг. Энэ бол том сануулга, том сургамж. Бид алдаагаа давтахгүй байх ёстой. Бид давтахгүй биш, хууль тогтоомжоор, үйл ажлаараа засах ёстой.
-Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагааг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой.
-Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй байгаа. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа.
-Алдагдсан боломж, цаг хугацаа, үнэгүйдсэн хөрөнгө, хохирсон иргэд, зугатсан хөрөнгийг харахад дээрхи тоог би ханатай гэж бодож байгаа. Улсаа, Монголоо хохироож болохгүй. Ийм зүйлд хязгаар хэмжээ байх ёстой. Энэ бол бидний авах ёстой сургамж.
Хувийн хэвшил: Бидэнд бусдын төр биш өөрийн төр хүндрэл учруулж байна
-Хоёр хоногийн өмнө би манай үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж хоосон ярьдагаа зогсоо гэж байна. Тийм бодлого байгаа бол хуульчлаад өгөөч гэж байна. Юуг яаж дэмжихээ тодорхой болгооч гэцгээж байна.
-Улс төрчдийн ааш араншинг дагаж савж унасаар байгаад сэнсэрч дууслаа гэж ярьж байна. Бүтээгчдэд, хувийн хэвшилд хандах хандлагаа төр өөрчлөөч гэж тэд хэлж байна.
-Хувийн хэвшлийг хонь гэж хардагаа болио, төр өөрөө чоно шиг аашилдагаа болио гэж ярьцгааж байна.
-Манай дарга нар тууз хайчлахдаа дуртай. Харин бүтээгчдийн хаалгыг хүлсэн хүлээсээ давхар хайчилж хаяач гэж шаардаж байна. Тэд төрийн үйлчилгээг өрийн үйлчилгээ болсон, хүлээс цоож болсон гэж шүүмжилж байна.
-Төрийн эрх мэдэлд шургалсан бизнес хийгчид биднийг талцуулахаа зогсоогооч гэж байна. Бидэнд бусдын төр биш өөрийн төр хүндрэл учруулж байна гэж ярьж байна.
-Бид цаг нартай уралддаг. Харин улс төрчидтэй цаг уралддаг байж магадгүй. Бидний алтан цаг, боломж, орлого ашгийг хүнд суртлын галаар битгий шатаагаач. Хийж бүтээх бол хэцүү. Үүн дээр төрийн хэцүүг бүү нэмээч гэцгээж байна. Татварын бодлогоо уян хатан болгооч. Тийм эрх боломжоор Засгийн газар, орон нутгийн хурлыг хангаж өгөөч. Монголдоо хийж чадаж байгаа бараа үйлчилгээг л манай төр худалдаж аваач. Шалгаруулалтаа дотоодын үйлдвэрлэгчдийн дунд л явуул. Гадны ижил төрлийн бараа үйлчилгээг тендерт оролцуулахыг хориглооч гэж байна.
Эх сурвалж: http://www.president.mn/