Монголын сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг нээж МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын хэлсэн үг
Сэтгүүлзүй хэмээх өнөр бүлийн ахан дүүс ээ!
Үйлс зорилго нэгт эрхэм нөхөд өө!
Цаг үеийнхээ түүхийг бичиглэн үлдээх нэн хариуцлагатай албанаа амсхийлгүй зүтгэсэн бас нэгэн оныг Монголын сэтгүүлзүй үдлээ. 2014 он төр төвөргөөнтэй, эдийн засаг хямралтай амаргүй жил байсан ч Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарынхан үүргээ онц биелүүллээ. Энэ нь тус салбарт хөрөнгө оруулагчид, бүх шатны удирдагчид, нийт ажилтнуудын маань хичээл зүтгэлийн үр дүн юм. 2014 онд манай салбарт техник технологийн цоо шинэ шийдлүүд олноор нэвтэрч, сэтгүүлзүйн чиг хандлагыг илүү сайн талруу өөрчлөх олон алхам хийгдлээ. Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн монгол хувилбар бий болох, Монголын сэтгүүлзүй гадаад зах зээлрүү нэвтрэх үйл явц тасралтгүй үргэлжилж байна. Чанартай, зөв сэтгүүлзүйн орон зай бага багаар тэлж, буруу чиг хандлага, буруу менежмент, буруу тогтолцоо улам бүр шахагдаж байна. Энэ бол зөв үзэгдэл, зөв хөгжлийн эхлэл юм.
Үндэсний сэтгүүлзүйн халуун бүлийн ахан дүүс ээ!
Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн, толгой байгууллага – МСЭ нь сүүлийн 3 жилийн турш аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээг архи дарсгүй тэмдэглэх, улстөрчдийг урихгүй байх, үрэлгэн тансаг байдлаас татгалзах соёлыг өөрийн үйл ажиллагаанд хэвшүүлж, үүгээрээ нийгмийг ийм соёлд уриалан дуудахыг эрмэлзэж ирлээ. Өнөөдрийн арга хэмжээ ч бас түүний үргэлжлэл юм. Манай өнөөдрийн арга хэмжээний хамгийн хүндтэй зочид бол Үндэсний сэтгүүлзүйн зуунаар яригдах түүхийг бүтээлцсэн алдар гавьяатнууд болох ахмад сэтгүүлчид маань билээ. Монголын сэтгүүлзүй залгамж чанараа хадгалж, ахмадуудаа хүндэлж, тэднээсээ суралцах ёстой.
Монголын сэтгүүлзүй дотоод эв нэгдлээ эрхэмлэж, зөв шудрага өрсөлдөж, хамтын хүчээр илүү их амжилтад хүрэх ёстой. Бид нийгмийн өмнө хүлээсэн онцгой хариуцлагаа ухамсарлаж, мэргэжлийн нэр хүндээ дээдлэж, ёс зүйг эрхэмлэснээр эрүүл зөв хандлагатай хүчирхэг салбар болох төдийгүй улс орон, нийгмийн хөгжилд ч эерэг сайнаар нөлөөлж чадна. Энэ л та бидний эрхэмлэх алтан дүрэм билээ.
Өнгөрсөн онд хийж бүтээснээрээ салбартаа манлайлсан шилдгүүдийнхээ амжилтыг батламжилж, хүндэтгэл үзүүлэхээр энд та бид хуран цуглаад байна. МСЭ-ээс уламжлал болгон зохион байгуулж буй энэ шалгаруулалтад оролцохоор нэрээ дэвшүүлж, амжилтаа тайлагнасан бүх байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Тэдэн дундаас хийсэн бүтээснээрээ жин дарж, шилдгийн шилдгээр шалгарсан бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэдээ халуун баяр хүргэе!
2015.01.08. Улаанбаатар хот