УЕПГ-ын МШАТХХ хэлтсээс хийсэн судалгаагаар 2014 онд улсын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн тоо өссөн байна. Иймд түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах, сэргээн шалгуулж шийдвэрлүүлэх талаар нийслэл, тээвэр, дүүргийн прокуроруудын уулзалт ярилцлага боллоо.
Энэ уулзалтаар улсын хэмжээнд байгаа түдгэлзүүлсэн хэргийн дийлэнх хувь нь буюу 82 хувь нь нийслэлийн зургаан дүүрэгт оногдож байгаа тул энэ талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай хамтарч харьяа прокурорын газрууд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагад ялангуяа Нийслэлийн цагдаагийн газарт гэмт этгээд нь илрээгүй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх , халаасны хулгайн гэмт хэргийг шалган шийдвэрлэх үүрэг чиглэл бүхий нэгж, албан тушаалтнуудыг бий болгох шаардлагатай байна гэсэн саналыг цагдаагийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр болжээ.