Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ерөнхий захирлаар томилсон явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр мөн “Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж батлуулсан хүний хувьд би харамсаж байна. Байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой” хэмээгээд энэ тухай асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх санал гаргасан юм.
Байнгын хорооны дарга А.Бакей уг саналтай холбогдуулан хэлэхдээ, 2013 онд тус Байнгын хорооноос ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад зөвлөмж хүргүүлсэн. Гэвч Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдлаа. Харин өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлгүй байгаа учраас Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг шалган танилцаж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар ч Байнгын хорооны даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ингээд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон 2013 онд тус Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг МҮОНРТ-д шалгаж танилцан хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаас байгуулахаар боллоо.