АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь энэ сарын 3-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон билээ. Тэрбээр, өчигдөр тус телевизийн Үндэсний зөвлөлийн олонхий саналыг авч даргаар сонгогдсон бөгөөд тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа ороод байгаа юм. Тэгвэл АН-ын дараагийн генсек хэн байх вэ гэдэг нь улс төрийн хүрээнд мөн л анхаарал татсан асуудал болж хувирлаа.
Сонгуулийн жил хаяанд ирчихээд байгаа энэ үед дараагийн сонгуульд намаа ялуулах хүнд бөгөөд хариуцлагатай албыг хэн гэгч “азгүй” эрхэм авах бол гэдэг нь анхаарал татаж байна.
Фракциудын томилгооны дагуу бол АН-ын генсекийн суудал МоАХ фракцийнх юм. Дарга нь “Шонхор”, бүлгийн дарга нь МҮДН фракциас учраас АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад МоАХ хүнээ тавих юм. Тэгвэл бүрэн эрхийн дагуу АН-ын дарга З.Энхболд түр орлон гүйцэтгэгчийг томилох аж.
Ингээд ирэх гуравдугаар сард болох АН-ын ҮЗХ-ны хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцэх юм байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ албан тушаалд УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй, Зам тээврийн сайд асан А.Гансүх очих магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь өнгөрөгч оны сүүлчээр УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэн нам байгуулах тухай бор шувуу нисэж эхэлсэн. Үүнийг үгүйсгэсэн хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Хэрвээ Баттулга тэргүүтэй хүмүүс нам байгуулаад тусдаа гарчихвал АН дахь МоАХ гэдэг фракц тэр чигээрээ шинээр байгуулагдах намд урвах магадлал өндөр. Тиймээс Баттулгын хүн гэгддэг А.Гансүхийг генсекээр тавьж МоАХ фракцыг эгнээнээсээ алдахгүй байх бодлого барьж эхэлсэн бололтой.
А.Гансүх нь Шинэчлэлийн засгийн газарт Зам тээврийн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг энэ суудалд очиход:
- 1966 онд Улаанбаатар хотод төрсөн /46 настай/, Энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гартаа цэнхэр тууз зүүчихээд оролцсон, мөн Баабарын “бүү март, мартвал сөнөнө” номыг гудамжинд тарааж байсан гэж өөрөө хэлдэг ч АН-ын ихэнх гишүүд нь энэ талаар мэддэггүй. Хуульч мэргэжилтэй түүний улс төрийн намтар нимгэн. Анх улс төрд З.Энхболд төрийн өмчийн хороонд мэргэжилтнээр ажилд авч байсан ч эдүгээ Х.Баттулгын МоАХ фракцийн хүн. Гэнэтхэн 2007 оноос улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төд удалгүй 2008 онд дэд сайд болсон тэрээр пивоны шилээр хүний толгой хага цохисон, гадаад томилолтын зардлаа гурав дахин хэтрүүлсэн, яаманд ажилд ороод удаагүй өөрийн талын хүмүүстээ хөнгөлөлттэй үнээр орон сууц авч өгсөн гэх зэрэг нэлээдгүй хэл аманд өртөж байсан ажээ. Сонирхолтой нь А.Гансүх хуульч хүн байж нэгэнтээ “Амьдралд нийцэхгүй хууль маш их байгаа. Бид зах зээлийн эдийн засгийнхаа системийг боловсронгуй болгоогүй, хүмүүс нь төлөвшиж амжаагүй байхад ардчилал хөгжсөн орнуудын хуулийг хуулж авч ирээд тавьчихсан. Тэр хуулийг мөрдүүлэх эдийн засаг, санхүүгийн ч боломж байхгүй. Тиймээс хүмүүсийн ухамсар төлөвшөөгүй ийм үед бид нийтийн эрх ашгийн төлөө зарим нэг стандарт бус шийдвэрийг гаргаад явдаг байх хэрэгтэй” гэж ярьсныг нь олон хүмүүс сонсоод нь мэл гайхаж цэл хөхөрч байсан. Тиймээс ч мань эр төрийн ажлыг хийхдээ аливаа хууль дүрмийг уландаа гишгэхийг юман чинээ боддоггүй бололтой гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байжээ.
Сэтгэгдэл (2)