АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсон. Энэхүү мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараар дамжуулан Монголын ард түмэнд дуулгаж байсан юм. 2016 онд энэхүү дээд түвшиний уулзалт манай улсад болно. Тиймээс 2015 он бол уг уулзалтын бэлтгэлийг хангах жил байх юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргасан.

Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэжээ.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ажиллана. Харин Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тус тус ажиллуулахаар зарлигийн хавсралтад тусгасан байна.

Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц бөгөөд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар зэрэг нийт 53 гишүүнтэй байгууллага юм.АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог.Иймд манай улс дээд түвшиний энэхүү уулзалтын бэлтгэлийг хангаж, зохион байгуулалтыг нарийн хийх шаардлагатайг Ерөнхийлөгчийн зүгээс анхааралдаа аваад байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.