Цагдаагийн дүрэмт хувцас, албаны хэрэгслийг ашиглан автомашинуудыг зогсоон шалгаж байсан хуурамч цагдаа баригджээ. Тодруулбал, албан ёсны бичиг баримтгүй хэрнээ цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашинуудыг зогсоон шалгаж байна гэсэн мэдээллээр цагдаа нар шалгалт хийсэн аж. Гэтэл Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлсэн байна.
Хэрвээ цагдаагийн дүрэмт хувцастай этгээд иргэдээс бэлэн мөнгөөр торгууль төлөх эсвэл мөнгө өгвөл явуулна гэх зэргээр хууль бус шаардлага тавибал цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харьцааны соёл, ёсзүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг 126 дугаарын утсанд мэдэгдэж болно. Мөн иргэн өөрөө тухайн албан хаагчаас бичиг баримт, хувийн дугаарыг асууж мэдэх эрхтэй юм.
Сэтгэгдэл (1)