Р.Бурмаа: Гишүүний ажлаа өгөхийг намын нөхөд дэмжээгүй

УИХ-ын гишүүн Р.Бурмаа Хүнс хөдөө аж ахуйн сайд болсныхоо дараа гишүүний бүрэн эрхээс татгзалах хүсэлтээ гаргаж байсан. Тэрбээр “давхар дээл”-ний тухай хуулийн төслийг дэмжиж ирсэн бөгөөд түүний энэхүү хүсэлтийг намын гишүүд нь хүлээж аваагүй ажээ.

Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас тодруулахад:

"Дан дээл, давхар дээлний асуудалд дээр миний байр суурь хэвээрээ байгаа. Энэ хуулийн төсөл УИХ дээр унасан. Хэрвээ энэ хурал дахиад их хурал дээр орж ирвэл би дэмжиж, хэрэгжүүлнэ. Хэдийгээр хуулийн төсөл унасан ч гэсэн үзэл баримтлал дэмжигдэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 18 гишүүдийнхээ нэрсийг оруулж ирэхдээ 50 хувийг гаднаас оруулж ирсэн. 

Гишүүнээсээ татгалзаад сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Миний дараа орох хүн бол Д.Мэдрээ. Тэр хүн жил хагасын хооронд УИХ-ын гишүүн болоод яахав, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий гэсэн саналыг хэлсэн. УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг ч гэсэн намайг ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болмооргүй байна гэсэн. Мөн УИХ-ын гишүүдээс Сонгуулийн хуулийг батлуулах бол ажлын хэсгийн ахлагчийн хувьд таны хийх ёстой ажил. Та энэ ажлаа дутуу хаяад явж болохгүй гэсэн. Энэ хүсэлтийг аль аль намын гишүүд хэлсэн. Энэ саналыг хүндэтгэн үзсэн. Түүнээс биш сайдын албан тушаал санал болгож хэлэхэд өөрөө сайд болон гишүүн давхар байх нь УИХ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэдэг байр суурьтай байсан учраас гишүүний ажлаа өгье гэсэн. Ийм шалтгаанууд дээр хүлээлттэй байна. Ухаалаг төрийн хүрээнд Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийг өргөн барина гэж сонссон. Тэгвэл хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.