Тавантолгойн хөрөнгө оруулагчид тус ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ оны өмнө мэдэгдсэн. Бүтэн жил гаруйн хугацаанд ам.долларын дутагдалтай байсан Монгол Улсын хувьд энэ нь багагүй хэмжээний доллар болж байгаа юм. Хэрэв энэ хэмжээний доллар орж ирвэл ам.долларын ханш дээр эерэг нөлөө гарах нь дамжиггүй биз ээ.
Нэгдүгээр сарын 5-наас Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээ эхэлнэ. Улмаар цагаан сараас өмнө хэлэлцээг дуусгаж, асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүлээлттэй байгаа. Хэрэв энэ дагуу ажил явбал, гуравдугаар сарын эхлэл гэхэд ханш дээр эерэг нөлөөлөл нь мэдрэгдээд эхлэх болов уу. Өөрөөр хэлбэл, цагаан сараас өмнө Тавантолгойн асуудлыг эцэслэн шийдчихвэл энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад маш том эерэг мэдээ болно. Мөн дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын ажлууд түрүүчээсээ эхэлчихнэ гэсэн үг. Иймэрхүү мэдээлэл ханшид эерэгээр нөлөөлнө. Ам.долларын ханшийн эсрэг төгрөг чангарах нөхцөл байдал тодорхой хэмжээнд бүрдэх учиртай.
Тавантолгойгоос гадна Оюутолгойн асуудал бий. Шийдлийн Засгийн газар ойрын хугацаанд Оюутолгойн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Хэрэв энэ дагуу эхний улиралдаа багтаад Оюутолгойн асуудлыг шийдчихвэл дахиад л маш том сайн мэдээ болно. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт дахиад дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж буй.
Тавантолгой, Оюутолгой нь зөвхөн хэдэн тэрбум ам.долларын асуудал биш юм. Ерөөс Монголын эдийн засгийн хөгжилд саад, тээг болж байсан хоёр гол хүчин зүйл гэлтэй. Тэгэхээр энэ хоёр том асуудлыг шийдчихвэл ам.долларын урсгал наашлах төдийгүй цаашдаа улсын эдийн засаг хүндрэлээс гарч, сайжрах гол “түлхүүр” болох учиртай.
Ямартай ч 2015 онд Оюутолгой, Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэх бол гэдэг нь анхаарлын төвд орсон асуудал болоод байна. Шийдлийн Засгийн газар эдийн засгийн бодлогын хүрээнд энэхүү хоёр хүнд асуудлыг шийдвэрлэх учиртай. Тавантолгойн асуудлаар маш том ахиц гаргаж чадсан нь сайн хэрэг. Харин одоо Оюутолгой хүлээгдэж байна.