УИХ-ын хэлэлцэх эхний асуудал төсвийн тодотгол

УИХ шинэ оны анхны  хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуультай холбогдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэх нь. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 2015 оны төсөвт тодотгол хийх асуудлыг өргөн мэдүүлсэн тохиолдолд тухайн бүрт нь шууд хэлэлцэнэ гэж онцолсон байна. Өөрөөр хэлбэл төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэнэ гэсэн үг.

Энэ дагуу Сангийн сайд Ж.Эрдэнэбат он солигдохын өмнөх өдөр буюу арванхоёрдугаар сарын 30-нд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Тиймээс УИХ-ын хэлэлцэх асуудлуудыг жагсаалтад төсвийн тодотгол нэгдүгээрт эрэмбэлэгдэх нь тодорхой болжээ. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал 2014 оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм.

Иймд 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулжээ. Мөн түүнчлэн УИХ-ын 2014 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд тодотголын төслийг боловсруулна”, мөн хуулийн 6.2.3-т “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төсөл өргөн барих үеэрээ онцолсон байна.

Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байгаа. Энэ өөрчлөлт 2015 онд үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар байгаа ажээ.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Засгийн газар шийдвэрлээд байгаа. Үүнтэй уялдуулж холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүд үүнд багтаж байгаа юм.

Эдгээр хуулиудад өөрчлөлт оруулснаар макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зөв тооцож, улсын төсвийг үр нөлөөтэй зөв төлөвлөх, хуваарилах асуудал бодитой болно гэж Засгийн газар үзжээ. Эндээс харахад УИХ нэгдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол болон удахгүй өргөн мэдүүлэх төсвийн хүрээний мэдэгдэл, түүнтэй холбогдох хуулиудыг өөрчлөхөд багагүй цагаа зарцуулах нь.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.