“Ливерпуль” клубын амьд домог С.Жеррард багаа орхих тухай мэдэгдлээ. Гайхалтай 16 улирлыг өнгөрүүлэхдээ 2005 онд “Аваргуудын лиг”-ийн цомыг хүртсэн. Энэ бол зууны шилдэг финал хэмээн түүхэнд үлдсэн юм. С.Жеррард 1980 оны тавдугаар сарын 30-нд Уинстон хотод төржээ. Долоон настай анх “Ливерпуль”-ийн хүүхдийн академид элсэж байсан бяцхан Жеррард 1998 онд үндсэн бүрэлдэхүүнд багтсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл “Хотон шувуунууд”-ын төлөө 494 тоглолтонд оролцож, 116 гоолыг оруулжээ.
Мөн энэ хугацаанд 10 цом хүртсэн байна. Гэхдээ “Премьер лиг”-т түрүүлж чадаагүй юм. 2003-2004 оны улиралд түүнийг “Челси” клуб руу явна гэсэн мэдээлэл тархсан ч эцсийн мөчид Р.Бенитес С.Жеррардыг багт нь үлдээж чадсан. Тухайн үед “Цэнхэрүүд” 20 сая фунт амлаж байжээ. Испани дасгалжуулагчийн зөв байсан гэдгийг дараа жил нь ойлгосон. 2004-2005 оны улиралд “Ливерпуль” хүчирхэг байж “Аваргуудын лиг”-ийн финалд үлдсэн.
Истабул Италийн “Милан”-тай тоглохдоо эхний 45 минутад 3:0-ээр хожигдож байлаа. Тэр үед бүгд л “Милан”-ыг аварга боллоо гэж бодож байсан. Гэтэл бөмбөг дэндүү бөөрөнхий гэдгийг нотлох мэт С.Жеррард, Х.Алосно, Ж.Сиссье нар хоёр дахь 45 минутад гурван гоол оруулж, үндсэн болон нэмэлт цагт 3:3-аар тэнцсэн аж. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах эгзэгтэй мөч ирэхэд Английн багийг хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээж, 3-2-оор ялсан байна.
С.Жеррардыг “Хотон шувуунууд”-аас явна гэсэн мэдээллийг сонсоод мөнхийн хамтрагч Ж.Каррагер сэтгэгдлээ хуваалцсан аж. Тэрээр “С.Жеррардын тухай мэдээ Ангийн хөлбөмбөг болон “Ливерпуль”-д гунигт өдрийг авч ирлээ. Гэхдээ би үүнийг зөв шийдвэр гэж бодож байгаа. Нэг клубт үнэнч байлаа гээд медалиуд авч чадахгүй” гэсэн юм.
С.Жеррардын “Ливерпульт”-тэй хийсэн гэрээ ирэх хавар дуусна. Тэр шинэ гэрээ байгуулахгүй гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлээд “Би өрсөлдөгч багтаа очихгүй” гэж багийнхаа удирдлагуудад хэлсэн байна.