Тусгай олимпийн наадамд манай 16 тамирчин оролцоно

Олон улсын тусгай олимпийн наадам ирэх оны долоодугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод зохиогдох бөгөөд манай улсаас тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын тусгай олимпын хороо,  ССАЖЯ-тай хамтран “2014 оны тусгай олимпын улсын аварга шалгаруулах наадам”-ыг зохион байгуулсан билээ. 

Наадмыг хөнгөн атлетик, жүдо бөх, ширээний теннис гэсэн гурван төрлөөр явуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн 55, Хан-Уул дүүргийн 63, Сүхбаатар дүүргийн 25, Баянгол дүүргийн 70-р сургуулиуд, Архангай аймгийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүд, Монголын Дауны Холбоо ТББ зэрэг байгууллага, сургуулиудын нийт 800 хүүхэд оролцсон байна. Оролцогчдоос 16 хүүхдийг шилдгээр шалгаруулан  ирэх долдугаар сард Лос-Анжелес хотод зохиогдох дэлхийн тусгай олимпт оролцох эрхээр шагнажээ. 

Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан тус наадам нийгмээс тусгаарлагдан гэртээ бүх цагаа өнгөрүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам өгөх, эерэг мэдрэмж төрүүлэх чухал арга хэмжээ болсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Дэлхийн тусгай олимпт оролцох 16 тамирчин энэ сарын 14-ний өдрөөс эрчимжүүлсэн бэлтгэлээ эхлэх юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.