Өсвөр насны хөвгүүдтэй ээжүүдэд хүргэх бяцхан зөвөлгөө

Саяхан л эмнэлгийн өрөөнд анх тэврээд хэвтэж байсан минь санагдах ч тэд аль хэдийн өсвөр нас гэх ангилалд багтах болжээ. Эрэгтэй хүүхэд өсгөх тийм ч амар байсангүй. Гэхдээ зарим хүмүүсийн хэлдгээр 3 нас гэхэд бүх хүүхдийн хүмүүжил тогтчихсон гээд санаа амар орхиж болохгүй. Ингээд та нартаа өөрийн болон ойролцоо насны хүүхэдтэй ээжүүдийн туршлагаас хуваалцаж байна.

1. Өөрсдөө зохицуулах боломжийг нь олго 

Өсвөр насны хүүхдүүд цаг мөч тутам өөрчлөгдөж байдаг. Хувцаслах хэв маяг, ааш зан, алхаа гишгээ, сонирхол гэх мэт. Яг энэ үед тэд өөрт нь юу хэрэгтэйг өөрөө олох нь илүү чухал. Зарим өдөр тэдэнд их хэцүү өнгөрөх болно. Өсвөр насны хүүхэд байна гэдэг тийм ч амаргүй. Харин заримдаа ээжийн зүгээс хийж чадах зүйл бол хааяа ч болтугай огт анзаараагүй юм шиг өнгөрөх юм.

2. Хил хязгаар
Чи хөвгүүддээ анхнаас нь юу болох болохгүйн тухай хангалттай заасан. Тэд одоо тодорхой хэмжээний мэдлэгтэй. Тийм учраас тэдний бүх асуудалд оролцох хэрэггүй.

3. Эрх чөлөө 
Тодорхой хил хязгаарын дагуу тэдэнд далавчаа дэвэх боломжийг нь өг. Өсвөр насны хүүхдүүдэд хорионд байх биш харин дэмжлэг авах хэрэгтэй байдаг. Зарим нэг адал явдал, эрсдлийг зөвшөөр. Гэхдээ хариуцлагатай байх ёстойг хэл. Манай гэр бүлийн нэг уриа бол “Эрх чөлөө хариуцлагатай хамт ирдэг”.

4. Сонсох чих 
Хамгийн даруухан хүүд ч гэсэн ярилцах ээж нь хэрэгтэй. Машиндаа, гудамжинд, гэртээ гэх мэт боломжтой бүх газраа сонирхож байгаа зүйлсийг нь асууж, ярилцаж, дэмж. Багаас нь ингээд сургачихвал энэ дадал нь арилдаггүй. Ямар ч сэдвээр ээжтэйгээ ярихад асуудалгүй гэдгийг харуул. Харин загнах тухай бодохоо азнаарай.

5. Бага зэргийн шогч, хөгжилтэй зан
Зарим нэг асуудал дээр инээгээд өнгөрч сур. Хошин шогоос сурч авсан хэллэгийг яриандаа оруулж болно. Өсвөр насны хүүхдүүд хөгжилтэй ярианаас буцдаггүй. Хөвгүүд маань youtube –ээс хөгжилтэй бичлэг үзэж байна гээд намайг дуудахад би шууд л яваад очдог. Энэ дараа нь надад тусалдаг юм.

6. Биеийн холбоог бүү тасал
Өсвөр насны хүү чинь чамд бага байх үеийнх шигээ наалдаад байхыг хүсэхгүй. Гэхдээ л түүнд ээжийн тэврэлт, хайр халамж хэрэгтэй хэвээр л байдаг учраас хааяа нэг энхрийлэн үнсэж, тэвэрч байгаарай. Анхнаас нь ийм байхгүй бол гэнэт тэвэрч, үнсэх гээд байвал хүүд таалагдахгүй.

7. Чин сэтгэлээсээ сонирх
Хүү чинь юуг сонирхож, юу хийх дуртай байна вэ? Түүнийг нь асууж, сонирх. Лавлаж, ярилц.

8. Уучил
Ямар нэгэн алдаа гаргахгүй өсвөр насныхан гэж байхгүй. Юу юугүй уурлаж, бухимдахын оронд уучил. Тэдний айх, гайхах, амиа хичээх, тэнэг үйлдэл хийх, өөртөө итгэхгүй байх оргил үе нь энэ гэдгийг сана.

9. Зүг чигээ олоход нь тусал
Тэдэнд ээжийн үг хэзээд хэрэгтэй байдаг. Мэдээж хэрэггүй мэт зан гаргах нь тодорхой. Гэхдээ л хэрэгтэй байдаг учраас товч бөгөөд тодорхой санаагаа илэрхийлж сур. Тэд ирээдүйд чамд талархах болно.

10. Дэмжлэг үзүүл
Өсвөр насных байх хэцүү шүү дээ. Өөрийнхөө тэр үеийг дурс. Хүүгийнхээ хамгийн том фэн нь бол. Хийсэн үйлдлийг буруутгахаасаа илүү дэмжиж, зөв замаа олоход нь тусал. Хүүдээ итгэж сур. Гэхдээ итгэж байгаагаа өөрт нь заавал хэлж бай. Өдөр бүр шүү.

11. Зөвөөр үлгэрлэ
Хүүхдүүд биднийг байнга ажиглаж байдаг. Сайн муу болно болохгүйн тухай ойлголтыг эцэг эхээсээ л авдаг учраас хүүхдээ ямар хүн болгомоор байгаагаа бодоод тийм л хүн болж үлгэр жишээ үзүүл. Чи төгс төгөлдөр хүн биш гэдгийг чинь ойлгож байна. Гэхдээ энэ үгээр өөрийгөө өмгөөлж хойш суух хэрэггүй. Хүүхдээ хараалын, муухай утгатай үг хэлүүлэхгүй гэж бодож байвал өөрөө битгий хэл. Бусадтай хүндэтгэлтэй харьцуулмаар байвал хүүхэдтэйгээ хүндэтгэлтэй харьц.

Дээр дурдагдсан зүйлсийг анхнаас нь буюу багаас нь хийж сурвал үр дүнтэй учраас хүүгийнхээ хүмүүжилд төрсөн цагаас нь анхаараарай. Хамгийн чухал нь хүүхэдтэйгээ хангалттай их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Хамт байх хугацаа нь тун бага хэрнээ тэр үедээ хүүхэддээ зогсоо зайгүй сургааль айлдаад байвал ямар ч үр дүнд хүрэхгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.