Нэгэн он улирч, он цагийн шинэхэн цагаахан будган дээр амьдрал өрнөж эхлэх гэж байна. Шинэ оны заагт бид таагүй дурсамжуудаа чимээгүйхэн дотроо бодон өнгөрүүлж, харин сайн сайхан зүйлсээ ярих дуртай.
Тиймээс 2014 онд бидний амьдралд гэрэл гэгээ нэмж, үлгэр дууриал болсон сайхан хүмүүсийн тухай хоёр оны заагт өгүүлэхээр шийдлээ.
ХАЛУУН СЭТГЭЛТ АЖАА ГЭГЭЭН 
“Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын төрөлжсөн эмнэлэг ашиглалтад орлоо.
Хүүхдийн эмнэлэг байнгын асуудалтай байсаар ирсэн орчин цагийн Монголын хувьд халуун сэтгэлийн гараа сунгавал болохгүй бүтэхгүй зүйл үгүй гэдгийн жишээг Ажаа гэгээн харууллаа.
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТ ЖҮЖИГЧИД
Монголын хувьд олны танил одуудыг хүмүүнлэгийн үйлс хийснээр нь үнэлэх хэмжүүр хараахан тогтоогүй гэхэд болно.
Тэгвэл МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдэд сургууль барьж өгсөн бол МУСТА Г.Ундармаа төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимуудыг тохижуулж өгсөн сайхан үйлийг өнгөрч буй онд хийсэн юм.
Нийгмийн эмзэг хэсгээ хаяхгүй хүмүүнлэг байх сайхан сэтгэлийн үйлст уриалснаараа тэд монголчуудад ухаарал, хайр энэрэл түгээсэн юм.
ХОЛЛИВУДАД ЗОЧИЛСОН АНХНЫ МОНГОЛ ЖҮЖИГЧИН 
Холливуд монголчуудын хувьд киногоор л төсөөлөгддөг үе ард үлдсэнийг жүжигчин Б.Амарсайхан харуулж чадлаа. Тэрбээр Холливудын “Марко Поло” 10 ангит уран сайхны кинонд тоглож, Холливудад данстай жүжигчин болов. Түүний энэ амжилт монголчуудын хязгааргүй хүсэл мөрөөдлийн нэгэн биелэл билээ.
АЯА СПОРТЫНХОН ТА НАР АГУУ ГАЙХАМШИГ БУЮУ
Агуу спортын түүх шинэ шинэ хуудсаар баяжсан нэгэн он улирч байна.
Жудо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотод наймдугаар сард болж, ОУХМ Г.Болдбаатар дэлхийн аварга болсон юм. Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид нэг алт, гурван хүрэл медальтай ирсэн билээ.19-хөн настай С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн ДАШТ-ээс алт зүүгээд ирсэн нь монголчуудын бахархлыг өдөөсөн, урам зориг өгсөн сайхан үйл явдал байв. Оюуны спортын салбараас тодорсон Гавьяат Батхуягийн Мөнгөнтуул мөн л олон улсын шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Монголчууд спортын гайхамшиг дор нэгддэг гайхам үйл өнгөрсөн жил ч тохиолоо.
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал 32 дахь түрүүгээ хүртэж сумо бөхийн ноён оргилд гарсан нь монголчуудыг мөн л огшоосон бахархал боллоо.
ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛСЭН БААТАР

Хөгжлийн бэрхшээлтэй ч тавьсан зорилгоо биелүүлж, өөрийгөө ялан дийлж эрүүл саруул мянга мянган хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгасан Ч.Мөнгөндалайгийн аялал онцлох нэгэн үйл явдал юм. Тэрбээр 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл хотод ирсэн юм.
АРДЧИЛЛЫН ДУУЧ АМЬД МЭТ
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор Ц.Цогтсайхан агсны эгшиглүүлсэн “Хонхны дуу”-ндТөрийн соёрхол хүртээлээ. Ардчилал, эрх чөлөөний төлөөх уг дуу өдгөө ч монголчуудын зүрх сэтгэлд эгшиглэсээр байдаг бөгөөд 25 жилийн ойгоороо дахин “амилсан” нь тэр сайхан дууг амилуулагч амьд мэт сэтгэгдлийг төрүүлсэн юм.

ЭР ЗОРИГИЙН БАХАРХАЛ
Наймдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатахад хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварсан есөн настай Н.Азжаргал охин өнгөрч буй оны яах аргагүй нэг баатар байв.Жаахан биедээ ахадмаар эр зориг гаргасан түүний үйлдэл монголчуудад эр зоригийн бахархал болон үлдлээ.
Сэтгэгдэл (1)