УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Боомтын захиргааг удирддаг. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдмогцоо Цөмийн энергийн газар, Тахарын ерөнхий газар, Боомтын захиргаа зэргийг татан буулгахаар оруулж ирж байсан. Гэвч үүнийг гишүүд хүлээн зөвшөөрөхгүй нэлээд шүүмжилж байв. Учир нь Боомтын тухай, Тахарын албаны тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Ийм байтал одоо хуулиа өөрчилж, хэдхэн сарын өмнө байгуулсан газраа татан буулгаж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд 57 байгууллагад өөрчлөлт оруулж, татан буулгах ажлуудыг явуулахаас өөр аргагүй гэдгийг мэдэгдээд байгаа юм. Чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчим баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх санал боловсруулж, төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу хилийн хяналтын байгууллагуудын үндсэн болон туслах чиг үүрэгтэй давхцсан, иргэдээс авах хураамжийг өсгөсөн, төрийн албан хаагчдын орон тоог нэмсэн Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяа боомтын захиргаадыг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Дээрх байгууллагыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр болсон байна.Боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр, ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжиж байгаа юм.Тэгэхээр УИХ-аар баталсан Боомтын тухай хуулийн хэрэгжилтийг Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагууд хариуцаж ажиллах юм. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд Боомтын нэгдсэн захиргаа гэсэн тусдаа байгууллага байх шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн нь энэ юм.
Сэтгэгдэл (1)