ОНЫ ЭЦЭСТ ОЛУУЛАА ЗОВИНОВ
Хэдхэн өдрийн өмнө УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Эдийн засаг ийм нөхцөл байдалтай, энэ хэвээрээ байвал санхүүгийн дефолт үүснэ” хэмээн мэдэгдлээ. 2014 оны эдийн засгийн онцлох үйл явдлыг тоймлож суухад хажууханд зурагтаар ийм үг хангинахыг сонсох нь үнэндээ урам хугармаар хэрэг. Дефолт болно гээчийг бид Засгийн газар өрөө төлөх чадамжгүй болсноо хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай хэмээн ойлгож болно. Ерөнхий сайдын хэлж буйгаар өнгөрсөн сарын байдлаар инфляци 11.5 хувьтай гарсан бол улсын өр 11.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 53 хувьд тулжээ. Өр маань ингэж өндөр гацуур шиг тааз руугаа таван хошуугаа ёрдойлгоод байгааг үнэндээ өнөөдөр л тэд чухалчлан ярилаа. Дээр нь ойрын хугацаанд өөрчлөлт хийж, өнөөгийн хүнд байдлыг зохицуулахгүй бол улс орон дампуурах хэмжээнд хүрэх гээд байгааг хэлэв. Хэдхэн жилийн өмнө л “Бид бөөн мөнгөтэй боллоо” гэж хөөрцөглөөд байсан үетэй харьцуулахад тэдний дүр төрх, хэлж ярьж байгаа нь бүр бишдсэн байна. Тэр жил Бид баяжчихаад байна! гэж ярьж байсан Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын танхимд сайд болчихсон сууж байна. Мань эр улс орон дефолт болох тухай өнгөрсөн сард улстөрчдөөс хамгийн түрүүнд муу амласан. Ямар ч байсан энэ Засгийн газар эвгүйтжээ. Эдийн засаг харин аль эрт эвгүйрхсэн. Нийтлэлч Д.Жаргалсайхан өнгөрсөн хавар, “Монголын эдийн засаг газардлаа” хэмээн бичиж байлаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨЛДСӨН ЖИЛ
2012 онтой харьцуулахад өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт зургаа дахин буурсан, төлбөрийн тэнцлийн алдагдал ихэссэн, банкны чанаргүй зээлийн хэмжээ өссөн, төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарсан гээд бөөн зовлонтой болчихлоо. Засгийн газар арга тасарлаа. Төвбанк нь Засгийн газрынхаа хатуу үгэнд хэзээ мөдгүй уйлахад бэлэн байна. Гар мухар төвбанк дуугарч чадахаа больсон нь угаас улс төрийн шалтгаантай. Эдийн засаг ингэтлээ эвгүйтчихээд байхад олон юм ярьж байж удирдлагаараа онхолдохыг хэн хүсэх вэ. Төвбанкыг айлгаж буй улстөрчид өнөөдрийн энэ нөхцөл байдлыг хэн нэгэн улстөрчөөс болсон гэж хэлэхгүй хэлээ хазаж байна. Үнэндээ арга замаа хайцгаая хэмээн хий дэмий амаа ангалзуулах тэдний баталж байсан олон хууль, тогтоомжоос болж гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хаагдсан нь үнэн. Байдал бүр бишдвэл энэ бүхэн түүхийн үнэн болж товойх вий. Цаашлаад Урт нэртэй хууль, 106 лицензийн асуудал, Оюутолгой, Тавантолгой зогссон зэрэг нь ч хөрөнгө оруулагчдын хөөж гаргах шалтгаан болсон.Гадаадын хөрөнгө оруулалтаар жилдээ 4.6 тэрбум ам.доллар орж ирдэг байсан бол одоо 700-800 сая ам.доллар болж буурсан гэж УИХ-ын чуулган дээр урамгүйхэн танилцуулж байна. Арга ч үгүй байх. Энэ оны эхний нэг сард холбогдох тайлан мэдээг харж суухад л гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум дөнгөж хүрч өмнөх оныхоос 50 хувиар буураад байсан юм.
ТӨГРӨГ ТӨӨЛҮҮЛЭВ
Монгол төгрөг хамгийн сул ханштай мөнгөөр тодорч, үнэгүйдэх болжээ. Тун ойлгомжтой үндсэн хоёр шалтгааны нэг нь нүүрсний экспорт. Жил дараалан нүүрсний үнэ навс унасан нь Монголын худалдааны орлогыг 47 хувиар бууруулсан байгаа юм. Харин нөгөө шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурснаас үүдэлтэй. Энэ онд гадаад худалдаанаас 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн, олон улсын зээлжих зэрэглэл буурсан, том төслүүд үндсэндээ зогссон гээд таагүй мэдээллүүдийг жагсаавал уртаас урт эрэмбэ, том тоо, дугаарууд үүсэх нь тодорхой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхийдөө хэдэн жилийн турш байнга урсан орж гарч эдийн засагт эргэлдэж байсан гадаад валют огцом татарч хомсдол үүссэн нь төгрөгийн ханшийг ам.доллар төөлж, базаж эхлэх шалтгаан болсон юм. Төлбөрийн тэнцлийн ийм хүндрэлд Монгол Улс орсноор шууд болон дам нөлөөгөөр иргэдийн амжиргаанд цочир нөлөөлж эхэлсэн хэрэг. Үнийн өсөлтийн талаар удахгүй зузаахан статистик гарах нь тодорхой байна. Зарчмын хувьд хаа хаанаа бид үргэлжийн гал унтраах бодлого барьж явсаар эдийн засгаа эрсдэлд оруулсныг Монголын банкны холбооны ерөнхийлөгч асан М.Болд хэлсэн юм. Мэдээж хэрэг дунд болон урт хугацаанд гадны шууд хөрөнгө оруулалт орж байж Монголын эдийн засаг сэргэнэ. Энэ нь өөрөө эдийн засгийн бүтэц, орлого олж буй сувгаа эргэж харах ёстой болохыг бидэнд сургамжиллаа.
ТӨСӨВ ДАХИАД Л ТӨВӨГ БОЛОВ
2013 оны улсын нэгдсэн төсвийг урьд хожид байгаагүй их хэмжээний орлоготой, бас зарлагатай байхаар баталсан байдаг. Төлөвлөсөн төсвийн орлого нь 1.5 их наяд төгрөгөөр тасалдах тооцоо гарсан учир, 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн орлогыг 800 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 815 тэрбум төгрөгөөр танасан юм. Гэтэл энэ онд ч бас төсөв бишдлээ. Энэ оны төсвийн орлого нийт 6.8 их наяд төгрөг болоод байгаа. Оны эцэс гэхэд орлогын тасалдал нийтдээ 850 тэрбум төгрөгт хүрч, орлого 10.1 хувиар тасрах төлөвтэй байсан. Тэр ч ёсоор боллоо. Хэвлэлд бичснээр бол 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардал 1.1 их наяд төгрөг. Үүний 930.3 тэрбум төгрөгөөр барилга байгууламж барих байжээ. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 81.4 хувийг эзэлж байсан бөгөөд үүгээр 69 цэцэрлэг, 49 сургууль, 28 дотуур байр, 30 эмнэлэг, 27 соёлын төв, 681 км хатуу хучилттай зам барих байсан юм. Харамсалтай нь орлогын тасалдалтай төсөвт ямар итгэл хүлээлгэх вэ. Гэтэл ийм байдлаа үл анзааран Засгийн газар Аж үйлдвэрийн яам, өөр бусад хөрөнгөгүй салбарт сайд нарыг нэмж, дэд сайдын албан тушаалыг олшируулсан хэрүүлээ хийсээр арайхийн дуусгав.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРСАН ЖИЛ
“Мүүдис” агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг тогтвортой түвшнээс бууруулж сөрөг хэмээн тодорхойлсон нь оны эхний хагаст болсон үйл явдал байв. Харин Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлвийг нэг шатлалаар бууруулан “сөрөг” хэмээн дүгнэжээ. “Мүүдис” зэрэглэл бууруулсан шалтгаанаа Монголын гадаад валютын нөөц огцом буурч, зээлийн хэмжээ өнгөрсөн оноос хурдтай өссөнтэй холбон тайлбарлаж байлаа. Мөн төвбанк өнгөрсөн оноос мөнгөний бодлогоо зөөллөсөн нь зээл огцом өсөхөд нөлөөлжээ. ”Мүүдис”-ийн хувьд эдгээр шалтгаанууд Монголд ойрын хэдэн жил валютын хямрал үүсгэх нөхцөлийг лавшруулж байна гэж үзжээ. Түүгээр зогсохгүй энэ оны дундаар “Стандарт&Пүүрс” агентлагаас “Mongolian Mining Corp”-ны зээлжих зэрэглэлийг -B түвшнээс +CCC болгож бууруулснаа мэдэгдсэн. Энэхүү буурсан шалтгааныг компанийн хөрвөх чадварын байдлаас шалтгаалсан хэмээн гадны шинжээчид дүгнэж байв.
Гадаад зах зээлд амжилттай яваа ганц энэ компани ч бус Монголын томоохон групп, корпорациуд хүнд байдалд орсон жил өнгөрлөө. Татвар төлөлтөөрөө манлайлдаг компаниуд жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилаж буйгаа зарласан байдаг. Түүгээр ч зогсохгүй нэг жилд 1029 компани үүдээ барьсан тухай мэдээлэл бодитойгоор цацагдаад байна.

ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР ОЙЛГОЛЦОЖ ЧАДСАНГҮЙ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн зун Оюу Толгой төслийн хоёрдахь шатны олборлолтын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ хэмээн мэдэгдсэний дараагаар Туркойз Хилл Ресурс компанийн хувьцаа сарын хамгийн өндөр түвшиндээ хүрч өсч байлаа. Нийтээрээ Оюутолгой одоо хөдөлж эхлэх нь гэсэн хүлээлт өвөрлөж эхэлсэн ч энэ намар талууд мөн л ойлголцолд хүрсэнгүй. Үүний зэрэгцээ төслийн санхүүжүүлэгч Туркойз Хилл Ресурс компанийн хувьцаа ч бас гадаад зах зээлийн таагүй орчноос болж олигтой өссөнгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Оюутолгойн тухайд өнгөрсөн 2013 онд ч үр дүнд хүрээгүй учраас “Дуусдаггүй хэлэлцээр” хэмээн оны онцлох асуудлын жагсаалтад багтаж байв. Энэ жил мөн л давтлаа. Татварын багахан маргаан бүтэн зуныг авсан бөгөөд сүүлдээ хөрөнгө оруулагч тал давуу талтай болж, Монголын Засгийн газрыг илт шахаж байлаа. Харин ийм байдалд орохоо огт төсөөлөөгүй байсан бид энэ жил Төсвийн орлогын 15 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас олохоор төлөвлөсний 324 тэрбум нь Оюутолгойн ил, далд уурхайд ногдож байлаа. Энэ он эдийн засагт тун таагүй байдалтай улирч байна.