Ирэх оны төсвийн тодотголыг өргөн барилаа

Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн байгаа энэ үед бүсээ чангалж, хэмнэж болох зардлаа танах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удаа дараа мэдэгдсэн. Үүнийг УИХ-ын дарга болон гишүүдийн зүгээс ч хэлж байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс төрийн албан хаагчдын 12-36 сарын тэтгэмжийг 12 сар болгон адил болгох, нэг саяас дээш орлоготой айл өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгохгүй байх, 0-18 насны одон эхчүүдэд одонгийн мөнгийг олгох гэхчлэн нэлээд хэмнэлтийг тусгахаа мэдэгдсэн. Ингэж төсвөө танаж байж эдийн засгийг хөл дээр нь босгох ажлуудыг хийж, сайжруулах шаардлага байгааг Засгийн газар харсан юм. Монгол Улсын 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага байгаа учир төсвийн тодотголыг Засгийн газраас өргөн барьж байна. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр эдийн засгийн хямрал төсвөө бодитойгоор тооцох боломжийг олгож байна. Хямралыг боломж гэж харж байна гэдгээ хэлж байлаа. 2015 оны гарсны дараагаар УИХ-ын хэлэлцэх хамгийн эхний асуудал бол 2015 оны төсвийн тодотгол байх нь.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.