-Ерөнхий сайдыг хэлсэн үгэндээ уучлалт гуйхыг шаардлаа-
“Шинжлэх ухаанаа адалдаг Шийдлийн Засгийн газар огцор”, “Үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж яриад мэдлэгийн үйлдвэрлэлээ устгах гэж байна”, “Залгамж бодлогогүй Засгийн газар ичиг, ичиг, замаа мэддэггүй төрийн түшээд шившиг шившиг” зэрэг уриа барьсан 500 гаруй хүн Чингисийн талбайд цуглажээ.
Шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлээс энэ салбарыг устгуулахгүйн төлөө “Шинжлэх ухаанаа аваръя” нэртэй цуглааныг зохион байгууллаа.
Тэд энэ сарын 19-ний өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шинжлэх ухааны салбартай холбоотой хэлсэн үгээ татаж авахыг шаардаж байгаа аж.
Ерөнхий сайд “Ийм олон хүрээлэн байдгийг мэдэхгүй хүн олон гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж хэлсэн нь доромжлол хэмээн үзэж байна. Дэлхийд данстай эрдэмтэн судлаачидтай хүрээлэнгүүдэд итгэхгүй байгаа нь Ерөнхий сайдын шинжлэх ухаанаас дэндүү хол байгаагаа харууллаа гэж тэд үзэж байна.
Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр хэлэхдээ,
- Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тоо томшгүй хүрээлэн байна гэсэн ч 1997 онд 60-70 байсан эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэн цөөлж өнөөдөр 34 хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Шинжлэх ухааны академийн харьяанд 20 хүрээлэн, хоёр туршилтын лаборатори, ШУТИС-ын харьяанд тав, ХААИС-д дөрөв, Эрүүл мэнд, спортын яаманд хоёр гэх мэтээр 34-35 хүрээлэн байхад үүнийг тоолоход хэцүү байна уу. Хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн харьяанд шилжүүлэхийг мөн эсэргүүцэж байна. ШУТИС уруу шилжүүлнэ хэмээн нэр дурдсан хүрээлэнгүүд анхнаасаа тэнд харьяалагддаг. Математик, эдийн засаг, хууль зүйн хүрээлэнг их сургуульд нэгтгэж алга болгосон гашуун туршлага бий. Тэд өнөөдөр бие даасан судалгаа хийх боломж, нөхцөлгүй ажиллаж чадахгүй хэмжээнд хүрчихсэн байна. Ийм байхад бусад хүрээлэнг нэгтгэнэ гэдэг зохимжгүй үйлдэл юм. Мөн шинжлэх ухааны байгууллагуудыг төсвөөс гаргана гэж хэлсэн. 2016, 2017 оноос хүрээлэнгүүд төсөвгүй болж, их сургуулиудад дарамт нэмэгдэнэ. Тэр үед бид хэрхэн санхүүжих вэ гэсэн юм.
Монголын их, дээд сургуулиуд дөнгөж шилжилтийн эхэн шатандаа байна. Төрөөс тогтмол зардлаас өөр санхүүжилтгүй, оюутныхаа төлбөрөөр бүх зардлаа санхүүжүүлдэг. Судалгааны биш, сургалтынх. Багш нар зундаа амардаг бол судлаачдын хувьд хээрийн судалгаа гээд ид ажлын үе байдаг. Судалгаа, шинжилгээний ажил өдөр, сар, жилээр тасралтгүй үргэлжилдэг. Их сургуулийн багш нарт судалгаа хийх цаг зав байхгүй зэргээс үүдэн хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяанд оруулахыг эсэргүүцэж байгаа аж.
Шинжлэх ухааны салбарт зарцуулж буй мөнгө 2012 онд ДНБ-ий 0.23 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 0.17 хувьтай тэнцэж байна. Энэ нь Африкийн Уганда улсаас бага байна. Өөрөөр хэлбэл Уганда улс 0.33 хувийг шинжлэх ухаандаа зарцуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаанд мөнгө хаях ёстойг ойлгож байна. Эдийн засгийн хямралаас үүдэн энэ жил шинжлэх ухааны салбарын төсвийг гурван удаагийн давталтаар 50 орчим хувиар багасгасан. Ийм нөхцөл байдлыг судлаачид ойлгон тэвчээртэй хүлээцтэй хандаж ирсэн гэдгийг тэд онцолж байлаа.
Жагсаалын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ирж, тэдэнтэй нэгдэж байгаагаа дуулгасан. Тэрээр хэлэхдээ,
- Монгол Улсын Засгийн газрын барьж буй байр суурийг МҮЭХ дэмжих боломжгүй. Та бүхэнтэй санал нэг байна гэдгээ дуулгах гэж ирлээ. Өнөөдөр хэлэлцээрийн хүрээнд та бүхний ажлын байрны баталгаа, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааг боловсруулах чиглэлээр хамтарч ажиллана гэсэн юм.
Шинжлэх ухааны хүрээлэнг их сургуультай нэгтгэх эсэх тал дээр 680 гаруй эрдэмтэн судлаачдаас судалгаа авахад 98 хувь нь эсэргүүцсэн байна.
Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэн жилд эрдэм шинжилгээний зардал болгон 30-40 сая төгрөг авдаг талаар захирал С.Энх-Амгалан хэлж байлаа. Хүрээлэнгүүд цөөн хүний хүчээр их ажил амжуулдаг хэдий ч түүнийгээ сурталчилах боломж нөхцөл байдаггүй аж. Жагсаалд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид шинжлэх ухаанд хогны ногоон уутнаас бага мөнгө зарцуулж байгаа нь эмгэнэлтэй болохыг дуу нэгтэйгээр хэлж байсан юм.