МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны хурлын товыг зарлажээ

МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны ээлжит хурал болох гэж байгаатай холбогдуулан тус эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид дараах захидлыг илгээжээ. Уг захидалд, “Гурван жил хамтран ажилласан эрхэм Танд морилон ирж буй 2015 оны халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2015 он Таны болоод танай гэр бүлийн хувьд хамгийн гэгээн сайхан он байж тэгш дүүрэн жаргах болтугай! Та бид МСЭ-ийн нэр хүндийг нийгэмд өргөх, хэвлэл мэдээллийнхний эрх ашгийг хамгаалах, сэтгүүлзүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллаж, багагүй амжилтад хүрч чадсандаа миний бие сэтгэл нэн хангалуун байна. Бидний сонгуульт хугацааны хамгийн хариуцлагатай ажлын нэг болох их хурлын бэлтгэл ажлыг он гармагц эрчимжүүлэх бөгөөд их хурлын товыг эцэслэн тогтоох, их хуралд бэлтгэх ажлын хэсгийн зохион байгуулалт, татвар төлөлтийн байдал, 2014 оны шилдгүүдийг шалгаруулах зэрэг асуудлыг хэлэлцэхийн тулд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цагаас Гүйцэтгэх хорооны ээлжит хурлыг МСЭ-ийн байранд хийхээр шийдвэрлэснээ энэхүү захидлаар уламжилж байна. Гүнээ хүндэтгэсэн Б.Галаарид” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.