Өнгөрч буй 2014 оны дуулиан

Өнгөрч буй 2014 онд дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Улс төр хийгээд урлагийнхан санаанд оромгүй үйлдэл гаргаж, бас хэний ч санахгүй дуулиан тарьсан нь энэ жил байлаа. Нэг нь нялх амрагаараа дуулдуулж, нөгөө нь биенийгээ шалзалсан дуулиан одоо ч үргэлжилсээр. Түүний хажуугаар Монгол нэрээрээ овоглосон алдартнууд олныг гайхшируулж, Азийн цээжнээ монгол тамирчдын нэр дуу хадааж байна. Ингээд энэ жил жинхэнэ дуулиан тарьж чадсан хүмүүсийг энд онцолж байна.

Шийдлийн Засгийн газар уу, Шинэчлэлийн Засгийн газрын шууд залгамж уу

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулсанаар 16 хоног эзэнгүй байсан гүйцэтгэх засаглал шинэ эзэнтэй боллоо. Ч.Сайханбилэгийн тухайд өөрийнхөө тэргүүлсэн танхимыг эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг дээр анхаарсан Шийдлийн Засгийн газар байх болно гэдгийг чуулганы индэр дээрээс онцолсон. 
Түүний тухайд өмнөх Засгийн газрын гал тогоог барьж байх хугацаанд эдийн засаг хямраагүй гэдэг байр суурин дээр бат зогсож байснаа гэнэтхэн Ерөнхий сайд болонгуутаа эдийн засаг хямарсантай санал нийлж байна гэж хэлсэн нь өдгөө сөрөг хүчний зүгээс амаа асуулгаж байгаа бололтой.
Үндсэндээ Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрыг Шинэчлэлийн Засгийн газраас цаашид нэг их ялгарахгүй болов уу гэдгийг улс төр судлаачид онцолж байгаа. Үнэн хэрэг дээрээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар өмнөх засгаас ялгарах эсэх, улс орныг эдийн засгийн хийгээд засаглалын хямралаас энэ удаад гаргаж, үнэхээр хэлсэн шигээ оновчтой, түргэн шуурхай, шийдлийн Засгийн газар байж чадах уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх одоохондоо эрт байна. 


Х.Тэмүүжин & нялх амраг Г.Сарангэрэл

Өнгөрсөн гурав дөрөвдүгээр сараас эхлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэх дуулиан дэгдэж эхэлсэн. Гэхдээ энэ дуулиан хэн нэгний нялх амрагаар цааш үргэлжилнэ чинээ хэн ч санаангүй. Учир нь учиг цааш хөвөрсөөр Хууль зүйн сайд /тухайн үеийн/ Х.Тэмүүжин “нялх амрагтай” болсон юм. Тодруулбал 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан юм. Гэвч дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж. Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961..., 9520... гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961..., 9520... дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961... дугаараас 71 удаа залгасан, 9520... дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910... дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болсоноор дуулиан үргэлжилсэн. Ийнхүү сонирхолтой байдал үүсээд байтал Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан Б.Отгончимэг “Бид нар баригдаад хоригдох болоход Сарангэрэл надад “Чи Тэмүүжин ах руу залгаад намайг хэрэгт холбогдчихлоо гээд хэлчих” гэж хэлсэн” гэсэн нь цагдаа нарт бүр ч их сэжиг төрүүлсэн гэдэг. Тийм ч учраас Г.Сарангэрэл нь сайд Х.Тэмүүжинтэй хар тамхины асуудлаар холбогдсон юм биш биз гэж шалгаад үзэхэд Г.Сарангэрэлийн найз Э.Алтанчимэг гэдэг охин “Сарангэрэл бид хоёр 2013 оны 1-р сард хэрэгт холбогдоод шүүхээр орж гурван сарын баривчлах ял авч байсан. Миний мэдэхийн л Сарангэрэл биеэ үнэлдэг байсан. Сарангэрэл бид хоёр 2013 оны өвөл Доржоо гэдэг хүнээр дамжуулан Тэмүүжин сайдтай танилцаж байсан. Доржоо ах хүний төрсөн өдөр болж байгаа та хоёр очоодох гээд бид хоёрт тус бүр 250 мянган төгрөг өгсөн. Биднийг Эрхүүгийн амралтын төвд очиход Х.Тэмүүжин сайд байсан юм. Түүнээс хойш Тэмүүжин сайд Сарангэрэл хоёр дотны харьцаатай болсон...” гэсэн мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл гал дээр тос нэмсэн. Энэ дуулиан цааш үргэлжилсээр Г.Сарангэрэл батлан даалтанд гарах үедээ “Х.Тэмүүжин сайдтай дотно харьцаатай байсан. Гэхдээ надад хайртай гэж хэлж байгаагүй” гэх ярилцлага шуугиан тарьж, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас нь огцруулах хэмжээнд хүртэл “гал авалцуулсан” юм. Гэвч энэ дуулиан хэн нэгний явуулга байсныг энд дурдах нь зүйтэй. Х.Тэмүүжин энэ талаар анхнаасаа хэлж байсан бөгөөд Г.Сарангэрэл нэр бүхий хурандаа нарын явуулгад автсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

Х.Баттулга & Н.Алтанхуяг

Өнгөрч буй жилийн хамгийн анхаарал татсан сэдэв нь Шинэчлэлийн Засгийн газар байлаа. Учир нь энэ Засгийн газрын гишүүд нь байс гээд л хоорондоо ам зөрж, зарим нэг нь бүр сайдын суудлаасаа хүртэл татгалзсан нь Х.Баттулга байлаа. Тэрбээр Төмөр замын асуудал дээр Засгийн газраас эсрэг байр суурьтай байсан юм. Тиймдээ ч сайдын суудлаас буусаны дараа энэ асуудлаар нэвтрүүлэг хийсэн нь жинхэнэ дуулиан тарьсан. Олон нийтийг төмөр замын асуудал дээр төөрөгдөлд оруулсан. Түүгээр ч барахгүй зөвхөн энэ нэвтрүүлгээс болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэл хийж, Х.Баттулгад томхон “банга” хүртээсэн билээ.

Үүнтэй зэрэгцээд Н.Алтанхуяг ч багагүй дуулиан тарьсан. Ер нь 2014 оныг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан ч байс гээд л Ерөнхий сайдын суудлаасаа сугарчих гээд нэг л тогтворгүй. Гэвч тэр тэсээгүй. Нэг л өдөр Ерөнхий сайд хэмээх албан тушаалаасаа огцорч, төд удалгүй Ардчилсан намын даргын суудлаа өөр хүнд шилжүүлсэн билээ. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа эдийн засгийн хямарлыг тэр үүсгэсэн хэмээн зарим хүмүүс шүүмжилдэг. Мөн түүнийг тойрон хүрээлэгчид байс гээд л шүүхийн хаалга татаж, шүүгддэг нь ажлаа өгөх шалтгаануудын нэг нь. Тухайлбал түүний охин А.Саранзаяа их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдсон. "Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан М.Хуланд долоон жил, Х.Болдмаад зургаан жил, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1 жил, Чимэд-Эрдэнэ 5.1 жилийн хорих ял тус тус ногдуулжээ. Харин шүүгдэгч Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан юм. Гэвч энэхүү бантанг хутгаж, мөнгөнөөс завшиж явсан хүмүүсийн нэг нь өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа гэх эмэгтэй байдаг талаар шуугиж эхэлсэн. Шүүхээс 7 жилийн ял оногдуулж, 4,5 тэрбум төгрөгийн торгууль оноосон М.Хулангийн төрсөн ах М.Цолмон энэ хэвлэлийн хурлын үеэр хэргийн талаархи зарим нэг нотлох баримтыг дэлгэжээ. Түүний хэлж буйгаар Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа гэх эмэгтэй энэхүү хэрэгт холбоотой, Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн хуурамчаар гүйлгээ хийж байгаа данс, тооцоо бүх юмыг хийдэг гэнэ. БОНХЯ-ны Санхүү удирдлагийн хэлтсийн дарга Д.Цэцэгээ нь анх М.Хуланд санал тавьж, тус яаманд ажилд оруулсан бөгөөд хууль бус гэрээтэй гүйлгээг хийлгэхээр Сангийн яамны Төрийн сан руу явуулж, “Тэнд манай найдвартай хүн байгаа. Олон юм асуулгүй хийчих, би чамайг ажилд авсан шүү” гэх мэтээр ятгаж, сэнхрүүлдэг байжээ. Гэтэл тэр хүн нь Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа буюу тэр үеийн Шадар сайд буюу одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин байсан гэх. Гэвч энэ хэрэг сүүлдээ замхарсан. Түүний хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэх болгосон юм.

Ийнхүү охиных нь хэрэг нэг тийш шийдэгдэхэд дахиад л хэрэг мандсан нь Л.Гансүх байлаа. Ерөнхий сайдын ахлах зөвлөх хэмээх албан тушаалтай түүнийг АТГ-ыхан саатуулан хорьсон юм. Чухам энэ үед л тэд нэг айлын хүргэнүүд гэдэг нь мэдэгдсэн бөгөөд баривчлагдах шалтгаан болсон хэрэгт Л.Гансүхийн охин нь бас холбоотой мэдээлэл тарж эхэлсэн. АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарыг 3,6 тэрбум төгрөгийн хэрэгт сэжигтнээр татан, эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл өнгөрөгч тавдугаар сарын дундуур цацагдсан. Учир нь Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон хөтөлбөрүүдийн нэг болох “Нүүрс” хөтөлбөрийг тэр удирдсан. Гэр хорооллын айл өрхүүдийг хямд үнэтэй нүүрсээр хангах зорилт бүхий уг төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан түүнийг ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэн шалгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн 10 дугаар сард батлан даалтанд гаргасан бөгөөд хэрэг нь шалгагдсаар байгаа юм.

Ник Бедард: “Монголын Т.Санчир албан ёсоор миний Бүх Азийн багт орлоо”

Спортын ертөнцөд нэгэн шинэ нэр тодоор дуулдаж, гадныхан түүнийг магтах болсон нь Т.Санчир. Монголын сагсан бөмбөгийг хөгжиж байгаа юм байна гэх ойлголтыг дотооддоо төдийгүй гадныхан мэдрүүлж чадсан түүнийг энэ удаа спортынхоноос онцолж байна. Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан санаанд багтамгүй амжилт гаргасан. Энэ амжилтанд Т.Санчир ихээхэн нөлөөлсөн. Түүний тухай Bleacher Report сайтад “Азийн сагсан бөмбөгийн блогчин Ник Бедард 25 настай энэ залууг өөрийн Бүх Азийн багтаа сонгосон байна. Ник Бедард энэ талаар “Монголын Т.Санчир албан ёсоор миний Бүх Азийн багт орлоо. 25 настай энэ залуу сагсыг үнэхээр тоглож чаддаг юм байна” хэмээн бичжээ. Тоглогчдыг үнэлэхэд дутуу ойлгогддог нэг зүйл бол тухайн тоглогч хэр ойр ойрхон алдааг авч чадаж байгаа явдал юм. Энэ нь ерөнхийдөө тухайн тоглогчийг өрсөлдөгчид нь ямар аюултай гэдгийг ойлгож байгааг илтгэдэг. Таван тоглолтонд Санчир өрсөлдөгчдөөсөө нүд бүлтийлгэм 34 алдааг авч чаджээ. Энэ нь нэг тоглолтонд 6.8 алдаа гэсэн үг юм. Түүний араас бичигдэж байгаа тоглогч 5.7 алдааг дунджилж байгаа юм.
Монголын багийн амжилт Санчирын тоглолтоос ихээхэн хамаарах нь ойлгомжтой. Хэрэв тэр муу тогловол, баг тэр чигээрээ муу тоглоно" гэсэн байдаг.

Японыг шуугиулж буй үлэмж биет монгол сумоч

Аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэхээр авьяаслаг залуу монгол сумочид шуугиан дэгдээж байгаа нь монголчуудыг баярлуулж байна. Японд ийн шуугиан тарьж буй хүн бол Ичиножо А.Ичинноров. Түүнийг ирээдүйн их аварга гэгдэж байгаа юм. Мэргэжлийн сумод дөрвөн башё барилдаад л дээд зиндаанд гарч ирсэн сумоч А.Ичинноровоос өөр байхгүй. Түүнийг өдгөө дараагийн ёкозүна гэдгийг хүлээн зөвшөөрч алдарт их аварга Китаноүми хүртэл “удахгүй Ичиножог ялах бөх байхгүй болно байх шүү” гэж хэлжээ.

Алтанхуягийн Ичинноров 1993 оны дөрөвдүгээр сарын 7-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. “Минато” дэвжээний бөх тэрээр сумод ирэхээсээ өмнө жүдо бөхөөр хэсэг хугацаанд хичээллэсэн байна. Харин Японы Тоттори дунд сургуулийн багш шавь хайж, Монголд ирэхдээ А.Ичинноровтой уулзаж сумод урвуулж чаджээ.
2010 онд Японд очсон манай бөх сонирхогчийн сумогоор хичээллэж ёкозүна цол хүртсэн. Сонирхогчийн сумогийн ёкозүна мэргэжлийн сумод орвол макүшитагийн 15-аас эхлэн барилдах эрхтэй байдаг.
Тиймээс А.Ичинноров сумод анх орсон цагаасаа дээд амжилт тогтоогоод байна. Тэрээр макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, мэргэжлийн сумод элсээд дэвжээнийхээ хамгийн том цолтой бөх болсон нь анхны тохиолдол байв.
Түүнийг Япончууд “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Малчин сумо” гэж нэрлэж дараагийн их аварга болохыг нь хүлээж байгаа. Монголчууд бид ч А.Ичинноровоос ямар амжилт гарах бол хэмээн дотроо захыг нь мушгин суугаа юм.

Холливудад зочилсон анхны жүжигчин

“Бодлын хулгайч”, “Цасан охин”, “Үргээлэг” зэрэг сүүлийн үеийн хит кинонд тоглож, рейтинг өндөртэй жүжигчнээр тодроод байгаа Б.Амарсайхан Холливудад тоогдсон Монголын анхны жүжигчнээр тодроод байгаа билээ. Энэ цагийн сайн жүжигчдийн тоонд багтах болсон тэрбээр нэрт аялагч Марко Пологийн тухай өгүүлэх кинонд Ариг бөхийн дүрийг бүтээж өдгөө тоглосон уран бүтээл нь дэлхий даяар нээлтээ хийж, дэлхийн үзэгчидтэй эчнээ танил болоод байгаа юм.

Халуун усаар “халз тулалдсан” тулаан

Хошин урлагийнхныг байтугай урлагийнхныг цочиролд оруулсан нэгэн явдал болсон жүжигчин бүсгүйчүүдийн тулаан. Халуун усаар “халз тулалдсан” энэ тулаан шүүх цагдаа дээрээ тулсан бөгөөд өнөөдөр үүний уршигаар нэгэн эмэгтэй эрүүл мэндээрээ нэлээд хохирчихоод буй нь Д.Оюунтуул. Эрдэнэт хотод аялан тоглолтоор явахдаа маргалдаж, улмаар бие бие рүүгээ халуун ус цацсан хэрэг олны анхаарлын төвд байсан. Энэ хэрэг өнгөрсөн 10 дугаар сард шүүхээр шийдвэрлэгдэж, шүүгчид Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн хорих ял оноосон бол, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан юм. Хэрэг явдал болох үед Д.Оюунтуул, Ц.Алдармаа хоёр согтуу байсан гэж хэлэх эх сурвалж байсан юм. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтанд буцчихаад буй. Учир нь Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуулын биеийг нь эмчлүүлэхээр БНСУ руу илгээсэн бөгөөд Ц.Алдармаа одоогоор батлан даалтанд байгаа юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • setgegdel (88.68.154.149)
    Aldarmaa nas buyend xursen xun. Yu xiij bgaagaa medej bsan bolood iim muuxai xoron sanaatai ym xiisen bna shde. 7 jil xarin ch gaigui yl onooson ym bish vv? Olniii xair xundleliig xuleesen tiim saixan xuuxen bj aimshigtei iiim uildel xiij bxii. Busad MONGOLIIIN ataarxuuu xeruulch xuuxnuud uunees ulger jishee awch zasrax xeregtei de.
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • tatah (88.68.154.149)
    toriiin nuur tomor gej zow shiidej de. D
    2015 оны 12 сарын 31 | Хариулах