Жилийн жилд үнэ ханш нь хүйтний эрч даган чангардаг түлээ, нүүрсний үнэ өнөөдрийн байдлаар өндөр байна. Тухайлбал, портер машин нүүрс 220 мянгаас буугаагүй байна. Хувийн жижиг цэгүүдэд ууттай түлээ, нүүрсний үнийг 500-1000 төгрөгөөр нэмж борлуулдаг нь нууц биш. Өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй иргэд үнэтэй ч гэсэн гэрийнхээ ойролцоох цэгүүдээс аргагүйн эрхэнд түлээгээ авдаг. Харин түлээ, нүүрс борлуулдаг ченжүүд “Гадаа дулаахан болохоор хүмүүсийн худалдан авалт муу байна. Өнгөрсөн жилийнхтэй ойролцоо үнэтэй байгаа. Нүүрс их ховор байна, мод л үнэтэй байна” гэж байлаа. Захуудаар явж үзэхэд өнгөрсөн жилийнхээс үнэ нь харьцангуй нэмэгджээ. “Хангай” захад Налайхын нүүрс портер нь 350 мянга, Багануурын нүүрс 220-200 мянга, шуудайгаар 3500 төгрөгийн үнээр тус, тус борлуулж байв. Тус захын хувьд өнгөрсөн жил Налайхын портер нүүрс өндөрлөгөөтэй нь 280 мянга, харин өндөрлөгөөгүй нь 220-250 мянган төгрөгийн үнээр борлуулж байсан. Мөн хар мод, нарс, хуш зэрэг модыг Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас оруулж ирдэг аж. Үнийн хувьд 50 кг шуудайтай хар мод, нарс, хуш зэрэг моднууд 5000-6000 төгрөгийн үнэтэй байгаа нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэмэгдээгүй байлаа.
Харин жижиг шуудайтай модны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн аж. Тодруулбал, жижиг шуудайтай мод 1600-1900 төгрөгийн хооронд худалдаалж буй юм. “Цайз” захад ихэвчлэн хар мод худалдаалж байв. Хар модны үнэ 50 кг-ын шуудайтай нь 5000, хуш мод 50 ширхэгтэй нь 110 мянга, жижиг шуудайгаар 1500- 1800 төгрөгийн үнэ ханшаар тус, тус худалдаалж бай- лаа. Энд ойн цэвэрлэгээ нэрийдлээр хулгайн мод ч мэр сэр ирдэг бололтой.
Тус захын модны лангуу түрээслэгч Б.Болдоос энэ тухай тодруулсан юм.
- Танай захад хулгайн мод хэр их орж ирдэг вэ?
- Модны үнэ жилээс жилд нэмэгдэж байна. Ойн цэвэрлэгээ нэрийдлээр хулгайн мод орж ирэх тохиолдол байдаг. Мод сардаа нэг удаа орж ирдэг. Өмнөх жилүүдийг бодвол мод орж ирэх нь цөөрсөн. Одоогоор нэг тэвш модыг бид нэг сая 500 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өмнө нь нэг сая 200 мянгад орж ирдэг байсан. Сард нэг удаа орж ирэхдээ хэдэн тэвш мод орж ирдэг вэ.
- Та нарт тулгамддаг бэрхшээл юу байна?
- Ойн ам нээгдэх үеэр 20 гаруй тэвш палк орж ирдэг. Модны үнэ нэмэгдсэн энэ үед дээрээс биднийг дарамтлах нь их хэцүү юм. Бид сардаа 200 мянган төгрөгийн түрээс төлж байна. Гэтэл НМХГ-аас байцаагчид ирж биднийг 300-400 мянган төгрөгөөр заавал торгоод явдаг. Торгохгүй өнгөрнө гэж байдаггүй.
- Модны борлуулалт ямар байна вэ?
- Бидэнд ашиг гээд байх зүйл бараг байдаггүй шүү дээ. Мод зардаг хүмүүсийг баян гэж ойлгодог. Иргэдийн худалдан авалт муу байна. Өнгөрсөн жилийн моднууд одоо өрөөстэй хэвээрээ л байна шүү дээ. Иргэд мод үнэтэй байна л гэдэг. Бид юм зарагдахгүй болохоор аль болох хямдруулаад л өгдөг гэж байв. “Цайз” зах дээр түлээ, нүүрс борлуулах, бэлтгэх цагийн ажилчдаас өөр хөл хөдөлгөөн бага байв.
Ганц хоёр жижиг тэрэгтэй хүмүүс багаажандаа мод, нүүрс авч яваа харагдана. Жижиг шуудайтай Налайхын нүүрсийг 3000 төгрөг бөгөөд хэрэв 10-аас дээш авсан тохиолдолд 2500 төгрөг болгон хямдруулах аж. Мөн “Хангай” захыг бодвол энд хаягдал мод их гардаг байна. Үүнийг нь уг захын түрээслэгчид өөрсдөө түлж хэрэглэхээс гадна жижиглэн худалдаачид түүж гадаа 6000 төгрөгөөр борлуулдаг аж. Худалдаачдын хувьд мөн адил түрээс төлдөг ба зам дагуу түлээ, нүүрс зарах нь ашигтай байдаг гэдгийг онцолсон. Учир нь хүмүүс машинтайгаа бөөндөж авах нь их болсон гэнэ. “Цайз” захын гадна жижиг шуудайтай мод 1500-1800 төгрөг, 50 кг шуудайтай мод 6000 төгрөг бол Налайхын нүүрс 3000-3500 төгрөгний үнэтэй байв.
Зам дагуу түлээ, нүүрс борлуулдаг Ц.Мөнхжаргал “Хүмүүс угаасаа Багануурын нүүрс гэхээр авдаггүй шүү дээ. Зарим нэг нь л авдаг. Жаахан өнгө нь бүрсийсэн Налайхын нүүрс байхад Багануур гээд тоодоггүй. Өнгөрсөн жил “Нүүрс хөтөлбөр”-өөр Багануурын нүүрс зарж үзсэн. “Нүүрс хөтөлбөр”- өөр хямд нүүрс өгч байна л гээд худлаа ярьдаг. Үнэтэй л байсан шүү дээ. Энэ жил Багануурын нүүрс зарахгүй” гэсэн юм. Засгийн газраас “Нүүрс хөтөлбөр”-ийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд нүүрс борлуулах цэгээр дамжуулан иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулах зорилготой бай- сан. Өнгөрсөн жил ийм зохион байгуулалтаар Багануурын уурхай 95 мянган тонн нүүрс түгээжээ. “Цайз” зах дээр машинтай нүүрс зарж байгаа хүмүүс ховорхон байв. Харин тус захын ойролцоо хашаан дотор хоёр гурван портертой нүүрс зогсч байх нь нүүрс зардаг цэг аж.
Энд Налайхын өндөрлөгөөтэй гурван тонн нүүрс 300-280 мянган төгрөг, Багануур 350 мянга, алаг толгой өндөрлөгөөгүйг 220-210 мянган төгрөгийн үнээр тус тус борлуулж байлаа. Нүүрс зарж буй ченж Х.Цэндсүрэн “Энэ жил нүүрс ховор байгаа. Гэхдээ худалдан авалт дундаж байна. Одоохондоо налайхын уур- хайн ам нээгдэж эхлээгүй байна. Хэрвээ уурхай үнээ нэмбэл бид ч бас нэмнэ” гэлээ. Иргэдийн хувьд зарим нь түлээ, нүүрсээ бэлтгэж эхлээгүй ч түлээ нүүрсний үнэ үнэтэй байгаад санал нэг байв.