Гандантэгчэнлин хийдээс тагтаанд будаа өгөхийг хориглосон шийдвэр гарсны дараа юу болсныг мэдэх үү. Хийд орчимд үхсэн тагтаа олширч, нисч чадахаа больсон, өлдсөн тагтааг тэр хавийн ноход хялбархан барьж иддэг гээд өрөвдөлтэй дүр зураг бий болсон юм.
Яг үүн шигээр “будаа” өгөхөө больсон цагт олноороо үхэж хорогдоход бэлэн болох аюул Монголын нийгэмд нүүрлэсээр удлаа. Улс төрийн намууд сонгуулийн амлалтаараа дамжуулан биднийг яг л тагтаа шиг халамжилж хооллосоор. Зүүний чиглэлийн, барууны чиглэлийн гэдэг ч хоорондоо ямар нэгэн ялгаагүйгээр бүхий л намын мөрийн хөтөлбөр нь халамжийн бодлогоор уралдаж, сүүлдээ хүсээгүй байхад нь хүртэл халамжлуулагчдын эгнээнд оруулж орхисон. “Хүн бүр төрийн зардлаар амьдрахыг хүсдэг. Гэвч төр хүн бүрийн зардлаар амьдардаг гэдгийг мартжээ” гэх Ф.Бастиагийн үг бий. Зүгээр байж байхад чинь мөнгө өгнө гэх үгс нээрээ л сайхан санагдана. Хүн бүрт таалагддаг энэ зүйл эргээд өөрсдийн чинь нөгөө халааснаас авсан мөнгө гэдгийг анзаардаггүй.
“Гэрлэчихсэн үү, май 500 мянга”, “Эх орны хишгээ сар бүр ав”, “Шинэ хүүхэд төрүүлсэн үү, май 100 мянга”, “Оюутан болоо юу, 70 мянга, автобусанд үнэгүй яв”, ”Магистрт сурж байна уу, үргэлжлүүлээд тэтгэлгээ ав”, “Доктор болоо юу, чамд мөнгө өгнө өө, “3 сая дахь иргэн болчихооч, 3 сая төгрөг өгье”... энэ бол төрийн зүгээс сүүлийн жилүүдэд хэлж байсан үгс. Сонгуульд оноо авахын тулд бий болгосон энэ олон сайхан үгс нь өнөөдөр эдийн засгийг ийм байдалд оруулсан гэдгийг эдийн засгийн наад захын мэдлэгтэй хүн хэлчихнэ. Гэвч төрийн шийдэл гарах болохоороо наад захын энгийн ойлголтыг ч дагадаггүй.
Жам ёс, дүрмээс гадуурх бодлогын үр дүн нь ч тодорхой. Гэрлэхэд нь мөнгө өгч байсны дараагийн жилд гэр бүл салалт хэд дахин өссөнийг Статистикийн дүнгээс харж болно. Хүн амын өсөлтийг дэмжсэн хэрнээ цэцэрлэг сургууль эмнэлгийг нь бэлдээгүйгээс үүдсэн асуудлуудыг хэвлэлийн хуудаснаас харж болно. Оюутны мөнгө буух үеэр гэмт хэргийн өсөлт хэрхэн нэмэгддэгийг цагдаагийн байгууллагын мэдээнээс хараарай. Эдийн засгийн үр ашиг байсан эсэхийг хоосорсон нэрийн данс, төрийн сангаасаа харж болно.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өнгөрөгч долоо хоногт чуулганы хуралдаан дээр хэлсэн үг ч яг л энэ тухай байсан. Түүний “..хэн нь илүү эх орончоороо ч уралдахаа зогсоё, энд тэндгүй бор хоногоо төөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор, хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё.. өнөөдөр бид нарын өмнө яг 2008-2009 оныхтой адил эдийн засгийн гэхээсээ илүүтэй төлбөрийн тэнцлийн, тэр нь даамжирвал санхүүгийн хямрал нүүрэлчихээд байна. Энэ бүхнээ зохицуулж чадахгүй бол эдийн засгийн хямралтай шууд нүүр тулна. Энэ удаагийн хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болголоо. Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан” гэх үгийг аль ч намын, нэг ч улс төрч эсэргүүцээгүй. Учир нь үнэн учраас.
Эдийн засгийн нөхцөл байдал маань халамжийн бодлогоо хавтгайруулахын горыг ийнхүү харуулж байна.
Хавтгайрсан халамжаас татгалзах боломж эдийн засгийн өсөлттэй, боломжтой үед гарахгүй. Тэр үед эсэргүүцэгчид ч, турхирагчид ч хөдөлгөхгүй. Харин хэцүү бэрх энэ үед л олон нийт хүлээн зөвшөөрөх болно. Гандангийн тагтаа шиг бөөн бөөнөөрөө үхэлдэхээсээ өмнө хавтгайрсан халамжаасаа татгалзахгүй гэж үү.