Үнэ нь өсөөгүй хүнсний бүтээгдэхүүн алга

Хуучин он улирч шинэ жил гарахад тав хоног үлдлээ. Тиймээс иргэд баярын ширээгээ чимэх хүнсний бүтээгдэхүүн, чихэр жимсээ базааж эхэлжээ. Баярын ширээгээ чимэх бараа, бүтээгдэхүүнээ аль зах, төвөөс хямд авч болохыг уншигч авхай танд зөвлөж байна. Өвөл, зуны аль ч улиралд баяр ёслол, амралт зугаалга болоход “Барс” худалдааны төв олны хөлд дарагддаг. Биднийг өглөө эртлэн очиход энд аль хэдийнэ хөл хөдөлгөөн ихэссэн, энгийн өдрүүдээс хоёр дахин олон худалдан авагчтай байлаа. Ингээд бид нэн түрүүнд баярын ширээний хамгийн чухал зүйл болох бялууны лангуугаар орсон юм. Энд олон үйлдвэрийн янз бүрийн өнгө, хэлбэртэй амтат бялуу дүүрэн байх. Дунджаар овор хэмжээ, орц найрлагаасаа хамаараад 8000- 21000 төгрөгийн үнэтэй байв. Тухайлбал, хэмжээнээс хамаарч “Жүр Үр”-ийн бялуу 15000-21000 “Мон кэке”-ийн бялуу 12000-15000 “Тэнгэрийн хишиг”-ийнх 13000-17000 төгрөгийн үнэтэй байна. 
Хамгийн өндөр үнэтэй жимс нь усан үзэм ажээ Баярын ширээг жимсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс жимсний үнийг сонирхов. Хаалгаар нь ормогц л худалдагч нар хүмүүст бүтээгдэхүүнийхээ үнийг уралдан танилцуулж, авахыг санал болгож байлаа. “Барс” худалдааны төв жимс, хүнсний ногоог бөөний үнээр нь худалдаалдаг ганц газар гэхэд болно. Иргэд ч баярын ширээгээ чимэх жимсээ ихэвчлэн тус захаас авдаг. Үйлчлүүлэгчид “Энэ жил жимсний үнэ урьд жилүүдээс өндөр байна. Тэглээ гээд баярын ширээндээ жимс тавилгүй хоосон байлтай нь биш. Өндөр үнэтэй байгаа ч боломжийнхоо хэрээр авч байна даа” гэж байв. Энэ захад хамгийн үнэтэй жимс нь усан үзэм аж. Тодруулбал, ясгүй улаан үзэм нэг кг нь 14000 төгрөг бол ястай нь 6000 төгрөг байв. Харин алим сортоосоо хамаараад дунджаар 3000- 7000, бэрсүүт жүрж 2500-4000 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь бусад захыг бодвол 500-1000 төгрөгийн хямд гэсэн үг юм. Гэвч борлуулалт сайнгүй байгааг худалдагч нар хэлсэн. Энэ талаар худалдагч Ж.Баасанхүү Жимсний худалдаа өнгөрсөн жилийг бодвол харьцангуй багассан. Харин баяр болж байгаа болохоор худалдан авалт нэмэгдэж л байна. Иргэдийн хувьд жимсийг хэрэгцээндээ тааруулж л бага хэмжээгээр авахаас биш бөөнөдөж авдаггүй. Харин дэлгүүр ажлуулдаг буюу жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс бөөнөдөж авдаг. Мөн албан байгууллагууд шинэ жилийн баярын ширээнийхээ жимсийг авах нь ихэссэн. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилүүдийн баярын үеийн борлуулалтыг гүйцэхгүй байна” гэлээ. 

Өндөгний үнэ 230-350 төгрөг Манай улс дотооддоо хүнсний ногоо тариалдаг ч үнэ нь тийм ч хямд биш байдаг. Ялангуяа баяр ёслолын үеэр улам үнэд ордог нь батлаагүй ч хэрэгждэг нэг хууль гэхэд болно. Тэгвэл шинэ жилийн баяраар гэрийн эзэгтэй нар өөрсдийн гараар хийсэн амтат салат, зуушаар ширээгээ чимэглэдэг болсон. Тиймээс салатанд ордог хүнсний ногооны үнийг багцаар нь хүргэе. “Барс” худалдааны төвд нэг кг сонгино 1500, төмс, лууван, байцаа тус бүр 1000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин нэг кг өргөст хэмх 4000, монгол сортынх 4500, улаан лооль 3500-4000 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл хамгийн хямдхан нь гахайн махан чанамал хиам нэг кг нь 6000, бөөний үнэ нь 5800 төгрөг байв. Хамгийн өндөр үнэтэй нь “Мах импекс”-ийн давхар утлагат хиам нэг кг нь 11000-16000 төгрөгийн хооронд худалдаалж байв. Үнийн судалгаа цааш үргэлжилсээр шилтэй өргөст хэмх, салатны лангуугаар орлоо. Дотоодын үйлдвэрийн салатнууд дунджаар 1800-3000 төгрөгийн үнэтэй бол даршилсан өргөст хэмхийн хувьд үйлдвэр, хэмжээнээсээ хамааран 3500- 11000 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байлаа. Өндөгний хувьд үйлдвэрээсээ хамаараад нэг ширхэг нь 230-350 төгрөг байв. Харин майонез Солонгос, ОХУ, Монголд үйлдвэрлэсэн гэх мэт төрөл төрлөөрөө байгаа ч үнийн хувьд бас өөр байв. Улаанбаатар майонез 250 гр нь 2500, 500 гр-тай нь 3800, Золотой майонез савлагаанаас хамаарч 2700-6500, Солонгос майонез нэг кг-тай нь 7000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.