Цэвэр усны зарим үйлдвэрүүдийг хаалаа

МХЕГ-аас савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийжээ. Шалгалтаар доорх зөрчлүүд илэрчээ. 
Хяналт шинжилгээгээр 68 зөрчил илрүүлэн 75.6 хувийг арилгуулж ажилласан.
Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43,5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3,8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй, лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн дээжний 9,09 хувьд ерөнхий хатуулаг, 10,9 хувь нь хлорын ион, 2,5 хувьд усны орчин РН, магнийн ион, гидрокарбонатын ион, 6,4 хувьд сульфатын ион, 16,8 хувьд нитратын ион стандартад заасан хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүй, савласан ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж,  мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаагүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүй, сэргээдэггүйтэй холбоотой байна.
Хяналт шинжилгээнд хамрагдсан савласан цэвэр усны 9,09 хувьд нитритын, 5,5 хувьд аммонийн ион буюу шим бохирдлын үзүүлэлт илэрч байгаа нь усаар дамжин хордлого, халдвар гарах эрсдэлийг бий болгож байна.
Савласан цэвэр усны үйлдвэрийн цэвэрлэгээ, сагс, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйжүүлэлт, ажиллагсадын хувийн ариун цэврийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн бичил нян судлалын нийт 520 арчдас шинжилгээ авч шинжлүүлэхэд 28.2 хувь нянгийн бохирдолтой байгаа нь үйлдвэрлэлийг зориулалтын бус байранд явуулж байгаа, хэрэгцээний халуун усаар хангагдаагүй, угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, хувийн ариун цэврийг сахиж хэвшээгүйгээс шалтгаалж байна.
Цэвэр ус савлах лонхуудыг угаах тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулдаггүйгээс лонхыг 3 дамжлагаар угаадаг, шүүсэн усыг ус нөөцлөх саванд хадгалж гар аргаар савлаж байгаагаас савласан цэвэр ус бохирдох нэг нөхцөл болж байна./Дорноговь аймгийн Зам үүд сумын цэвэр усны үйлдвэрүүд/
Хяналт шинжилгээнд хамрагдсан үйлдвэрүүдийн ажиллагсадын 13.04% эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, савласан цэвэр усны үйлдвэрт ашиглаж байгаа гүний худгуудын 69,7% хамгаалалтын бүс тогтоогоогүй, савласан цэвэр усны шошгонд орц найрлагыг бичихдээ стандартын үзүүлэлтийг хуулж бичсэн, хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн хугацаа, бүтээгдэхүүний цувралын дугаарыг тэмдэглээгүй, үйлдвэрүүдийн дотоодын хяналт сул, дотооддоо хяналт тавих журам гаргаж мөрдүүлээгүй, үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй  нь зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.

Авсан арга хэмжээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 11 заалт бүхий 3 албан шаардлага өгч, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн “Вошштерн”, “Хэгсакуа” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Шинжилгээний дүнгээр нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан усны үйлдвэрүүдийн усыг шавхалт хийлгэн, ус нөөцлөх сав, тоног төхөөрөмжийг зааврын дагуу угаалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч дахин дээж авч шинжлүүллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.