МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар энэ сарын 8-ны өдөр МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин дээрх албан тушаалтнууд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэмээн шүүхэд хандсан юм. Тэгвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс үндэслэлгүйгээр халаа сэлгээ хийсэн хэмээн үзэж Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргажээ. Мөн үндэслэлгүйгээр халагдсан албан тушаалтнуудын орон тоон дээр хүн авахгүй байхыг М.Наранбаатарт сануулжээ. Гэвч өчигдөр сонгон шалгаруулалт явуулж МҮОНРТ-ийн дэд захирлаар Ц.Лхагвадаш, захирлаар О.Батцэнгэл нарыг томилсон юм. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан, болон программд батлагдаагүй нэвтрүүлэг оруулж, эфирийн ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр халсан бол Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ телевизэд өндөр үнээр нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм.