Засгийн газраас гарсан ажлын хэсэг Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг шалгаруулах уралдаант шалгаруулалтын дүнг олон нийтэд зарласан. Энэ дагуу Хятадын “Чайна Шенхуа Энержи”, Японы “Сумитомо корпораиц” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциум ялалт байгуулаад байгаа. Одоо Засгийн газар тэдэнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулах л үлдэж байгаа юм. Эдгээр компаниудын хамтарсан консорциум цаашдаа Тавантолгойн ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх үүргийг хүлээж байгаа. Харин Тавантолгойн ордын эзэмшил Монголын төрд хэвээр үлдэж буй юм. Өөрөөр хэлбэл, цаашдаа Тавантолгойн ордод боловсруулах үйлдвэр барих, дэд бүтэц, төмөр зам тавих гэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг шалгарсан компаниуд хамтран хэрэгжүүлэх нь.
Тавантолгой бол Монголын ард түмний өмч, Монголын хамгийн том нүүрсний уурхай. Тийм учраас энэ уурхайн хувь заяаг ямархуу компанийн “нөхдүүд” гартаа атгачихав гэдэг нь анхаарлын төвд байгаа юм. Ямартай ч Засгийн газар 2010 онд анхны уралдаант шалгаруулалтыг зарласнаас хойш дөрвөн жилийн дараа ийнхүү хөрөнгө оруулагчийг шалгарууллаа.
Хятадын нүүрсний магнат “Чайна Шенхуа Энержи”
Эзэмшил: Төрийн өмчит
Төв оффис: Бээжин, БНХАУ
Гүйцэтгэх захирал: Mr. Zhang Yuzuo
Байгуулагдсан он: 1995
Ажилчид: 74949 /2011 оны байдлаар/
Хятадын төрийн өмчит Шенхуа группийн охин компани “Чайна Шенхуа Энержи” корпораци. Тус улсын нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтын хамгийн том компани юм. Нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтаас гадна өөрийн төмөр замын сүлжээгээрээ дамжуулан тээвэрлэж, далайн боомтод хүргэх, экспортлох, дотоодын цахилгаан станцууд дахь нүүрсний хэрэглээг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2005 онд анх Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлж байв. Дараа нь Шенхуа Энержигийн толгой компани болох “Шенхуа” групп тус компанийн урт хугацааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан байна.
Үүний дараа 2007 оны аравдугаар сард тус компанийн Шанхайн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш 69.3 ам.долларт хүрч, дээд амжилтаа тогтоож байжээ. Тус компанийн хувьцааны ханш 36.99 ам.доллартай тэнцэж байсан юм. Үүнтэй харьцуулахад тухайн үед хувьцааны ханш нь 87 хувиар өсөж байв. 2011 оны долоодугаар сард Монголын хамгийн том нүүрсний орд болох Тавантолгойд 40 хувийн эзэмшилтэйгээр хөрөнгө оруулах эрхийг авч байна. Тухайн үед “Шенхуа Энержи”-гээс гадна АНУ-ын “Пибоди Энержи” (36%), Монгол Оросын төмөр замын хамтарсан компани (24%)-ийн хөрөнгө оруулалт хийхээр тус тус шалгараад байсан билээ.
94 жилийн түүхтэй “Сумитомо корпораци”
Эзэмшил: Олон нийтийн
Төв оффис: Токио, Япон
Гол хүмүүс: Kazuo Ohmori /chairman/, Kuniharu Nakamura /President and CEO/
Байгуулагдсан он: 1919
Ажилчид: 74638 /2014 оны гуравдугаар сар/
“Сумитомо” группийн гишүүн “Сумитомо” корпораци метал, барилга, тээвэр, дэд бүтэц, химийн технологи, эрчим хүч болон уул уурхай, хүнс, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Японы аварга том корпорациудын нэг юм. Японы дөрвөн ч хөрөнгийн зах зээл дээр листед буюу бүртгэлтэй. Бүр тодруулбал, 1919 он буюу 94 жилийн өмнө анх худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
1944 онд “Sumitomo Building” компанитай нэгдэж, нэрээ “Sumitomo Building and Real state” гэж өөрчилснөөр төмөр зам болон дэд бүтцийн томоохон төслүүд дээр ажиллаж эхэлсэн байна. Дайны дараа тус компани бүхий л салбарын худалдааны чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд нэрээ “Nihon Kensetsu Sangyo Kaisha” гэж өөрчилжээ. Дараа нь 1978 онд өнөөгийн “Сумитомо корпораци” болж өөрчлөгдсөн байна. Анх 1949 онд Осака, Токио болон Нагояагийн хөрөнгийн бирж дээр IPO хийж байсан. Сүүлд буюу 1955 онд Фүкүокагийн хөрөнгийн бирж дээр дахин хувьцаа гаргаж байжээ.
Хамгийн сүүлд “Сумитомо” корпораци Японы Хөгжлийн банктай хамтран тус улсын нарны эрчим хүч үйлдвэрлэгч “Kitakyushu Corporation”-ий хувьцааны багцын дийлэнх хувийг 4.6 тэрбум иенээр худалдан авах хэлцлийг амжилттай хийсэн байна. Ингэснээр “Kitakyushu Corporation” нь “Сумитомо” корпорацийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч охин компани болж буй бөгөөд нарны эрчим хүчний станц байгуулах төсөлд ханцуй шамлан орж байгаа аж.
Үндэсний хөрөнгө оруулалт буюу “Энержи Ресурс”
Эзэмшил: Олон нийтийн /Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй/
Төв Оффис: Улаанбаатар хот, Монгол
Гүйцэтгэх захирал: Г.Батцэнгэл
Байгуулагдсан он: 2009
Ажилчид: 4000 орчим /2013 оны сүүлч/
Тавантолгойн ордын Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Монголын коксжих нүүрсний томоохон экспортлогч компаниудын нэг. Монголын уул уурхайн компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж, хөрөнгө оруулалт татаж чадсан билээ. Тодруулбал, 2010 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 600 сая ам.доллар татсан. Тэгвэл энэ онд дахин нэмж хувьцаа гаргаснаар 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна. Монгол уул уурхайн компаниудаас анх удаа өөрийн эзэмшлийн уурхайн талбайдаа 18 мегаваттын цахилгаан станц барьсан.
Мөн анх удаа нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулж, урд хөрш рүү угаасан буюу боловсруулсан коксжих нүүрс экспортолж буй билээ. Мөн Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэл 260 км хатуу хучилттай, автозам барьсан. Төмөр зам барихаар 2009 оны үед эрхээ авсан байсан ч Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсанаар тус компанийн эрхийг цуцалсан билээ. “Энержи Ресурс” ХХК 2005 оноос Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байсан ч 2009 онд “ЭмСиЭс” групп, “Шунхай” ХХК, болон “Петровис” ХХК-уид хөрөнгө оруулалт хийж, тус компанийг шинээр байгуулсан байдаг.