ШӨХТГ-ын дарга асан О.Магнай сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариуллаа.
-Та энэ долоо хоногт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Гэнэт ийм шийдвэр гаргах болсныг олон хүн гайхаж байна. Таныг юу ийм шийдэлд хүргэв?
-Ямар ч албан тушаалыг авдаг бас өгч чаддаг байх ёстой. Надад ажлаа өгөх хоёр шалтгаан байгааг даваа гаригт дэлгэрэнгүй хэлсэн. Нэгдүгээрт, шийдлийн гэх Засгийн газар байгуулагдсан хэлбэр үйл явц нийгмийн үнэт зүйлийг алдагдуулсан. Эх баригчдыг шүүмжилж дуугарч байсан нам нь албан тушаал аваад дуугүй болчихлоо. Энэ бүхэнтэй миний зарчим нийцэхгүй болохоор ажлаа өгөх шийдвэрт хүрсэн. Хоёрдугаарт, Шадар сайд У.Хүрэлсүхтэй бүх талаараа нийцэж ажиллаж чадахгүй.
Бид хоёрын ажиллах зарчим эсрэг тэсрэг. Засгийн газар МАН нийлэх асуудалд ер нь бол зарчмын эсрэг байр суурьтай байгаа. Би МАН-ын гишүүдийн хажууд суухад хүртэл дотор муухай оргидог. Яаж би ийм хүмүүстэй хамтарч ажиллах юм бэ. Хүнд бас үнэт зүйл гэж байна шүү дээ. Өмнө нь баримталж байсан өөрийн зарчмаасаа ухарч байгаа юм шиг санагдсан учраас сайн бодсоны эцэст ажлаа хүлээлгэж өгсөн.
Энэ бүхэнтэй миний зарчим нийцэхгүй болохоор ажлаа өгөх шийдвэрт хүрсэн
-Шадар сайдтай та энэ асуудлаараа уулзсан уу?
-Уулзаагүй. У.Хүрэлсүх хувь хүнийхээ хувьд сайн залуу. Харин ажил үүргийн хувьд бид хоёр хамтарч ажиллах хүмүүс биш. Хэвлэлээр намайг айсан, барьсан гээд баахан юм бичиж байна л даа. Хүн зоддог хүмүүсээс хүмүүс их айдаг юм шиг байна. Надад айгаад байх зүйл байхгүй. Би айдаг ч хүн биш.
-Таныг шинэ нам байгуулна гэсэн яриа байсан?
-Ийм асуудал байхгүй.
-Цаашид юу хийх вэ?
-Нэгдүгээр сарын 11-нд миний төрсөн өдөр болдог юм. Төрсөн өдрийнхөө дараа тэмцлийн ажилдаа орно. Улс төрд цэвэрлэгээ хэрэгтэй.
-Хаанаас нь эхэлж цэвэрлэгээ хийх гэж байна?
-Аяндаа тодорхой болох байх.
-ШӨХТГ-ын дарга болсноор хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан олон зүйлийг хийсэн. Хэрэглэгчидээ бодоод үргэлжлүүлэх боломж байгаагүй юу?
-Хувь хүний үнэт зүйл, зарчим гэж юм байна шүү дээ. Дарга байх сайхан. Төрийн машин унаад, утасны төлбөрөө төрөөр хийлгэх нь. Зүгээр л улс төрд үүссэн энэ нөхцөл байдал миний зарчим, үнэт зүйлд нийцэхгүй байгаа учраас ийм сонголт хийсэн.
-Дараагийн дарга тань шиг ажиллаж чадах болов уу?
-Өнгөрсөн хугацаанд би хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан олон ажил хийсэн. Чанаргүй бараа, СӨХ, орон сууцны ам метр дутсаныг нөхөн төлүүлэх, томоохон супермаркетуудын иргэдийг хохироодог арга гэх мэт. Ер нь бол ажил хийхэд хэцүү шүү дээ. Ард нь дандаа томчууд байдаг. Тэгээд танил тал гэх юм бол ямар ч ажил урагшлахгүй. Над руу “Чи болио” гээд утасддаг олон хүн байсан. Нэрийг нь хэлээд яахав. Жишээ нь, циркийн асуудлаар маш олон эрх мэдэлтэн ярьсан.
Хамгийн гол нь эр зоригтой, тэмцэгч чанарыг өөртөө суулгах хэрэгтэй. Үгүй бол нэг ч ажил хийж чадахгүй.
-Том хүн гэдэг нь?
-Улс төрч, “том биетэй” хүмүүс шүү дээ. Санаанд ч оромгүй хүмүүс ярьдаг.
-Засгийн газар эдийн засгийн хямрал нэрийн дор иргэдийнхээ халаасийг тэмтчиж эхэллээ. Хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, оюутны тэтгэлэг хасах гэх мэт. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Хавтгайруулсан халамжийг би эсэргүүцдэг. Үнэхээр хэмнэлт хийе гэсэн бодол байсан бол яамд, дэд сайдуудынхаа тоог нэмэхгүй байх байсан. Эрх баригчид өөрсдөөсөө хэмнэлтийг хийж эхлэх ёстой. Украинд л гэхэд Ерөнхий сайд, парламентын гишүүд нь цалингийнхаа 50 хувиас татгалцсан. Үүний жишгээр би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж цалингаасаа татгалцаж, гар утасныхаа төлбөрийг өөрөө хийхийг уриалж байна. Ингэж хэмнэлт хийнэ үү гэхээс ядарсан ард иргэдийнхээ халаасыг тэмтчиж болохгүй. Орон тоо цомхотголоо гээд хямралаас гарна гэсэн үг биш.
Өөрөөр хэлбэл, эх оронч үзэл гэж энийг хэлдэггүй юм. Дарга нар өөрсдөөсөө хэмнэлтийг эхлэх ёстой. Ингэх юм бол Солонгосын иргэд шиг манай ард түмэн дотор ээмэг, бөгжөө өгөх сэтгэгдэлтэй хүн олон бий.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж цалингаасаа татгалцаж, гар утасныхаа төлбөрийг өөрөө хийхийг уриалж байна
-О.Магнай дарга ажиллах хугацаандаа олон удаа албаны зардлаар гадагшаа явсан гэсэн. Энэ үнэн юм уу?
-Төрийн зардлаар гадагшаа явах боломж байхгүй. Наад асуудал чинь бол худлаа. Өнгөрсөн гуравдугаар сард хүний бие өвдөөд би яаралтай Бээжин яваад ирсэн юм. Тухайн үед Г.Тэрбишдагва дарга асан хэлэлгүй гурав хоног яваад ирсэн хэмээн цалингийн тодорхой хувиар торгосон.
-Ажлаа өгөх болсон талаараа Ерөнхий сайдад мэдэгдсэн үү?
-Намайг ажлаа өгсөнд хүмүүс ач холбогдол өгч байгаад гайхаж байна. Ерөнхий сайдад хэлсэн зүйл байхгүй. Өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн.
-Уг албан тушаалд байх хугацаанд шийдэгдээгүй асуудлууд байгаа юу. Таны оронд очих хүнд юун дээр анхаарах талаар хэлэх зүйл байна уу?
-Хийсэн ажлуудад цаашид хяналт тавиад ажиллах нь зүйтэй байх. Архины хууль бус сурталчилгааг бүрэн зогсоосон гэж боддог.
-Ардчилсан намын гишүүн хэвээрээ биз дээ?
-Хэвээрээ байгаа. Намаасаа гарах бодол байхгүй.
-Төрөө цэвэрлэнэ гэхлээр жагсана гэсэн үг үү?
-Заавал жагсана гэж ойлгож болохгүй. Тэмцлийн олон хэлбэр байгаа. Улс төрийн тэмцлийн 280 гаруй арга байдаг.
-Ер нь тантай хамт жагсаж байгаа хүмүүс бүгд л ямар нэгэн суудлын эзэн болсон. Хавар жагсах болов уу?
-Хүмүүс жагсвал би оролцоно. Жагсаал цуглаан харахлаар сэтгэл хөдөлдөг “өвчтэй” болсон. Тэмцлийн олон хэлбэр байгаа. Улс төрийн тэмцлийн 280 гаруй арга байдаг
Сэтгэгдэл (6)