Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/1051 дүгээр захирамж гаргаж, “Уламжлалт эм, эмийн ургамал компани” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
Татан буугдаж байгаа газрын балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 сая 560 мянган төгрөгийн бүртгэлийн анхны өртөг бүхий барилга, эхний хагас жилийн тайлангаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн 40 сая 907 мянган төгрөгийг зайлшгүй нэмэгдэх өр төлбөрийн хамт нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэж, Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг комиссын даргад үүрэг болголоо. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.