Орос, Монголын эрдэмтдийн нэг сэдэвт хамтын бүтээл хэвлэгдлээ

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын 2014 оны төлөвлөгөөний дагуу Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Философи, эрх зүйн хүрээлэн, МУ-ын ШУА-ийн ФСЭХ-ээс «Монгольский мир: между Востоком и западом» нэгэн сэдэвт хамтын бүтээлийг (Новосибирск.:Автограф,2014) хэвлүүллээ. “Монголын ертөнц”, “Орчин үеийн Монгол” гэсэн хоёр хэсэг, удиртгал, долоон бүлэг, 39 зүйл, дүгнэлтээс бүрдсэн эл бүтээлийг орос, монголын 22 эрдэмтэн судлаач туурвижээ.  Зохиогчид салбар дундын судалгааны үр дүнг нийгэм-соёлын хандлагаар авч үзсэн байна. Бүтээлд монголын ертөнцийн онцлог ба нийтлэг талыг философи-түүхийн аспектаар илэрхийлж, монголчуудын уламжлалт ба орчин үеийн оюуны соёл түүнчлэн Монголын улс төр-эрх зүй, хотжилт, нийгэм эдийн засаг, хүн ам зүйн хөгжлийн талаар өгүүлсэн. Энд Монгол болон Буриад, Халимагийн бүс нутагт хийсэн социологийн судалгааны үр дүнг өргөн ашигласнаас гадна монгол угсааны ард түмний үнэлэмж баримжааны онцлог ба нийтлэг байдалд харьцуулсан шинжилгээ хийжээ. 

Монголын талын зохиогчид: доктор (Ph.D) Д.Алимаа, академич Ж.Амарсанаа, доктор (Ph.D) Д.Баасансүрэн, магистр Н.Баяр, доктор (Sc.D) профессор Д.Дашпүрэв, академич Т.Дорж, доктор (Ph.D) М.Золзаяа, Г.Маналжав, магистр Р.Мухийт, доктор (Sc.D) профессор Т.Намжил, магистр Б.Оюунсүрэн, доктор (Sc.D) профессор Х.Цоохүү, доктор (Ph.D) Х.Цэдэв, доктор (Ph.D) Ц.Цэцэнбилэг;
Оросын талын зохиогчид: доктор (Ph.D) С.М.Белокурова, Г.С.Гончарова, доктор (Sc.D) А.В.Иванов, О.А.Персидская, доктор (Sc.D) профессор Ю.В.Попков, доктор (Ph.D) Е.А.Тюгашев, доктор (Sc.D) профессор Л.Б.Четырова, доктор (Sc.D) профессор М.Ю.Шишин.  

Хамтын бүтээлийг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Философи, эрх зүйн хүрээлэнгийн орлогч захирал, доктор (Sc.D) Ю.В.Попков, МУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа нар редакторлажээ. Бүтээлийн шүүмжлэгчээр соёл судлалын доктор В.И.Марков, түүхийн шинжлэх ухааны доктор Н.Н.Аблажей, социологийн шинжлэх ухааны доктор Г.С.Солодова нар ажилласан байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.