Сүүлийн үед Монголын үндэсний бөхийн холбоонд хандсан үг яриа их гарах боллоо. Хэсэг залуус нэгдэж Монголын үндэсний бөхийг шинэчлэх холбоо гэгчийг байгуулж хурал хийсэн. Тэгвэл сая дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хэсэг бөхчүүд “Сorporate” зочид буудалд хэвлэл мэдээллийнхнийг урин нэгэн уулзалт зохион байгуулсан юм. Ярилцах сэдэв ердөө Монголын үндэсний бөхийн холбоог шинэчлэх асуудал байлаа.
Монголчуудын өв соёлын нэг болсон үндэсний бөхийн өнөөгийн түвшин ямар яваа тэр дотор МҮБХ-ны үйл ажиллагаанд ямар доголдол, дутагдал оршиж байна вэ гэдгийг уулзалтад оролцогчид илэн далангүй ярьсан юм. Өнөөдөр ийм уулзалт, ярилцлага хийх болсон шалтгааныг зохион байгуулагчид нь ярихдаа “МҮБХ-г 2000 оноос хойш хууль бус ажиллагаа явуулж “Их эе” хурлаа хугацаанд нь хийхгүй байгаагаас бөхчүүд үгээ хэлэх боломжгүйдсэн. Нөгөө талаар тус холбооны хувийн бизнес голлосон ажил явуулгаас болж бөхчүүд хохирч байна” гэж тайлбарласан юм.
Тухайлбал улсын заан Ж.Ганболд ярихдаа:
-2002 онд “Их эе” хуралдаад МҮБХ-ны тэргүүнээ сонгож чадалгүй тарсан. Үүний дараа гурван шатны шүүхээс ээлжит бус их хурлаа хуралдуулж тэргүүнээ сонгох үүргийг холбооны цэцдийн зөвлөлд даалгасан. Гэтэл үүнийг биелүүлээгүй өдий хүрэв. Одоо МҮБХ-нд эрх бүхий ганцхан субъект байгаа нь цэцдийн зөвлөл. Энэ зөвлөл жилд нэгээс доошгүй удаа хуралдаж МҮБХ-ны тэргүүний үйл ажил, жилийн тайланг сонсдог байх учиртай. Гэвч Р.Нямдорж гэдэг хүн цэцдийн зөвлөлийг хуралдуулалгүй олон жил явлаа. МҮБХ-ны талаар ямар нэг шийд гарна. Түүний эсрэг Нямдорж шүүхэд хандаж цаг хождог. Ингэсээр их хурал ч үгүй, цэцдийн зөвлөлийн хурал ч хийлгүй төрийн бус байгууллагын ажлыг ингэж завхруулна гэж байх уу гэсэн юм.
Үнэндээ МҮБХ-ны дүрэм гэдэг биелүүлдэггүй нэгэн бичээст их хурлаа дөрвөн жилд хийнэ, цэцдийн зөвлөл жилд нэгээс доошгүй удаа хуралдана гэсэн заалт байдаг аж. Гэвч хурлаа зарлаж хуралдуулахаас айдаг юм уу өөрсдөө баталсан дүрмээ зөрчөөд олон жил болж байгаа нь үнэн. Бас бөхчүүдийн төлөө ажиллах үндсэн үүрэгтэй газар нь эднийх. Гэтэл юу ч хийхгүй байгаа. Бөхөд чиглэсэн хөрөнгө оруулалт огт байхгүй. Түмний нүдэн дээр барилдаан зохион байгуулж шагнаад л харагддаг. Энд зарцуулж байгаа хөрөнгө МҮБХ-ных биш. Аль нэг газрын нэрэмжит барилдаан болноо. Тэр газар бүх хөрөнгийг гаргадаг. Бөхийн бай, шагнал олгодог, азтан тодруулдаг. Эдгээр шагналыг бөхийн холбооныхон дамжлах маягаар гардуулж харагддаг. Харин МҮБХ эдгээрт нэг ч төгрөг гаргалгүйгээр заал, танхимын хөлс аваад байдаг.
Сумын заануудын барилдаан болоход 576 бөх бүрээс 3000 төгрөгийн хураамж авч барилдуулдаг. Нийт 1.7 сая төгрөг болдог. Гэтэл гурав давсан нь 3000 төгрөгөө буцааж авна. Түрүүлсэн бөх 50, үзүүрлэсэн нь 40 мянган төгрөгийн бай авсан жишээ байна. Ингэж л бизнес хийж байгаа юм билээ. Уг нь Монгол бөхийн өргөөнд бөхийн секц дугуйлан хичээллэж, бөхийн сургалт зохион байгуулагдаж байх байтал хуваарьт барилдаанаас бусад цагт дан урлагийн тоглолт болж байна. Энэ нь бас л МҮБХ-.ны бизнес ажил шүү дээ. Монгол бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон утгаараа бөхчүүдийн хоёр дахь гэр байх учиртай. Тэгэхэд МҮБХ-ны өнөөгийн удирдах нөхөд хувийн мэт ашиглаж байна.
Монгол туургатны барилдаан гэж 3-4 жилд ганц удаа болдог том наадам. Гэтэл уг барилдааныг хийхэд Р.Нямдорж нар Бөхийн өргөөгөө харамлаад өгдөггүй. Яагаад гэхээр өөрсдөд нь ашиг байдаггүй болохоор тэр. МҮБХ ингэж л ажиллаж байна гэдгийг ярилцлага, уулзалтад оролцсон дархан аварга А.Сүхбат, улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн тэргүүтэй бөхчүүд ярив. Мөн сэтгүүлчид ч санал бодлоо хэлж үндэсний бөхийн хөгжлийг зөв гольдиролд нь оруулах чухлыг хэлж байсан юм.
-Зарим нэг хүн монгол бөх гэдэг нэрээр луйвар хийж амьдарч байгааг хараад суух тэвчээр алга. Бидний хойч үе, шавь нар минь шударга дэвжээн дээр өрсөлддөг байгаасай гэсэндээ дуугарч байна. Миний хувьд МҮБХ-ны тэргүүн болох ямар ч сонирхол алга. Р.Нямдорж, Д.Данзан нараас өөр монгол бөхийг аваад явчих залуус захаас авам байна. Монголд өөрчлөгддөггүй төрийн бус байгууллага ганц хоёрхон бий. Түүний нэг нь МҮБХ гэж дархан аварга А.Сүхбат хэлсэн бол
улсын начин Ц.Дуламсүрэн:
-Монгол бөхийн өргөөний орлогын 10 хувийг зөвхөн Р.Нямдорж гэдэг хүн дур мэдэн зарцуулах хууль бус эрх зүйн акт бүрдүүлсэн байгаа. Энэ хүний холбооны тэргүүн байх хугацаа ч аль хэдийнэ дууссан. Энэ нь МҮБХ хууль бусаар ажиллаж байна гэсэн үг гэж байлаа.
Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн төлөөллүүд холбооны үйл ажиллагааг хатуухан шүүмжилсэн юм. Энэ уулзалт, ярилцлагын гол нь үндэсний бөхөө зөв хөгжүүлье, хууль бусаар ажиллаж байгаа МҮБХ-ны үйл ажиллагааг зогсооё гэсэн саналд нэгдэж байсан юм.